Европ-Азийн төмөр замын тээвэр болон төмөр замын тээврийн хууль тогтоомжийг нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагааны тухай хамтарсан тунхаглал. Ази болон Европ тивийн улс орнуудын төмөр зам өөр хоорондоо ялгаатай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй нь төмөр замаар тээвэр хийх өртгийг нэмэгдүүлж байгааг энэхүү баримт бичигт онцолж, улмаар эл асуудлыг дараах арга замаар шийдвэрлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
Тухайлбал, транзит тээвэр хийхэд дэмжлэг үзүүлэхүйцээр Европ, Ази тивийн улсуудын аль алины хувьд хүчин төгөлдөр байх нэгдсэн дүрэм журмыг боловсруулах, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбар дахь олон улсын гэрээ, конвенцуудаас төмөр замын тээвэртэй холбоотой хэсгийг түүвэрлэж нэгтгэх замаар нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төмөр замын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах замаар нэгдсэн зохицуулалтыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төмөр замын тээвэрт цахим баримт бичиг бүрдүүлэлтийг нэвтрүүлэх зэрэг зорилтыг уг баримт бичигт тусгасан.
Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монголын төмөр замын хөгжлийн гадаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бусад улсын төмөр замтай холбогдох, улмаар Европт хүрэх эхлэлийг нээсэн чухал арга хэмжээ боллоо.
Түүнчлэн, Л.Болд сайд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гаяан Чандратай уулзаж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үйл ажиллагааны тухай Алматын тунхаглалын хэрэгжилтийг хэлэлцэх НҮБ-ын өндөр хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гаяан Чандра далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын гаргаж буй хүч чармайлтыг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлдгийг илэрхийлж, Улаанбаатарт байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд цаашид тусалж дэмжихээ илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.