Энэ талаар Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс С.Соронзонболдоос тодрууллаа.
-Улсын хэмжээнд 6200 гаруй стандартыг хамруулсан үзлэгийг хийлээ. Үр дүнг нь танилцуулаач?
-Энэ удаагийн стандартын үзлэг цаг хугацаа шахуу, хөрөнгө мөнгө төсөвлөгдөөгүй байсан ч үзлэг хийсэн салбар комиссын дарга нар болон бүх гишүүд үзлэгийг бодитой, зөв, чанартай, шуурхай явуулахад анхаарсаны үндсэнд үзлэгийг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусган дүгнэлээ. Үзлэгт хамрагдсан нийт 6200 гаруй стандартын 44,5 хувь буюу 2762 стандартын шинжлэх ухаан техникийн өнөөгийн түвшин олон улс, бүс нутаг, гадаад орны түвшинд хүрсэн бөгөөд эдгээрээс 1135 стандарт буюу нийт стандартын 18,3 хувь нь олон улсын стандартын, 97 стандарт буюу 1,6 хувь нь бүс нутгийн, 910 буюу 14,7 хувь нь гадаад орны түвшинд хүрсэн байна. Ингээд одоо мөрдөж буй 305 стандартыг хүчингүй болгох, 2345 стандартыг дахин хянаж шинэчлэх, 2884 стандартыг шинээр боловсруулах шаардлагатай боллоо.
-Ямар салбарт хамгийн олон шинэчлэх шаардлагатай стандарт бүртгэгдэв?
-Хүчингүй болгох стандартуудын хувьд, жишээ нь, хүнсний салбараас нийт 46, худалдааны салбараас 4, спорт 2, сав баглаа боодол 1, оёмол бүтээгдэхүүн 2, мал аж ахуй 2, арьс шир 10, байгаль орчин 46, эрүүл мэндийн салбараас 72, боловсрол 3, барилга 20, уул уурхайн салбараас 20 стандартыг хүчингүй болгох зэргээр дүгнэлт гарсан. Ингэхээр хүчингүй болгож байгаа стандартууд нь хоорондоо давхардсан гэсэн үндсэн шалтгаантай байсан.
–Харж байхад эрүүл мэнд болон уул уурхайн салбараас стандартуудыг ихээр хасах болж байна. Энэ хоёр салбарын хувьд үйл ажиллагааных аль стандарт нь хүчингүй болов?
-Эрүүл мэнд, уул уурхай нь улс орны хувьд ч тэр, хүмүүсийн аж төрөх үндсэн гол асуудал. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт гэхэд техникийн хувьд дагаж мөрдөх стандартууд гэхээс илүү шинжилгээний арга зүй, боломж нөхцлийн стандарт зохисгүй байсан учраас, мөн аль аль стандартууддаа давхардсан юм.
Уул уурхай ч үүнтэй төстэй. Жишээ нь, уурхайн агаар дахь нүүрстөрөгчийн ислийн хэмжээг тодорхойлох арга олон улсын жишигт хэдийнэ нэвтэрсэн. Тэгвэл үндэсний стандартад ч энэ талаар дурдсан байгаа гэх шалтгаанаар хүчингүй болгож байна. Үүнд зөвхөн хүчингүй болгох тухай ярьлаа. Гэвч үүн дээр нэмээд стандартуудыг дахин болон, шинээр боловсруулах асуудал ч бий.
-Хэзээнээс шинэчлэл хийгээд, стандартууд хэрэгжих вэ?
-Стандартууд гэхээр хүний санаанд амар буудаггүй. Тэгэхээр энэ нь хүний амьдралд шууд бус ч маш чухал байдлаар нөлөөлдөг. Жишээ нь, барилга, байгууламж барихдаа зохих стандартыг дагаснаар хүний аюулгүй, тавтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ том ажил ямар чухал болохыг харж болно. Стандартуудыг шинэчлэлийг хийхийн тулд эхний ээлжинд шинээр боловсруулах шаардлагатай 800 гаруй стандартыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 2013-2014 онд боловсруулж, батлуулах шаардлагатай байна. Ер нь энэ ажлыг ойрын гурван жилдээ эрчимтэй хийхэд болчих болов уу гэдгээр харж байна.
-Стандартчилал хэмжил зүйн салбарын хувьд том ажлыг эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Хэрхэн зохицуулах боломжтой бол?
-Техник, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт стандартчиллын тухай хичээл оруулдаг болгох, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандарт хариуцсан ажилтантай байлгах, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хянаж шинэчлэх хэрэгтэй байна. Бусад асуудлуудыг Засгийн газраас шийдэж эхэлж байгаа.