Энэхүү сургалтыг МАН-ын 92 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-оос ХБНГУ-ын Ф.Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Төрийн Удирдлагын академитай хамтран хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын нэгэн хүртэл таван өдөр явуулах юм байна.
Сургалтын эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн хугацаанд болсон алдаа дутагдлыг дүгнэж, цаашид хэрхэн нэгдэж ажиллах талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр энэ тухай “Энд зайлшгүй хөндөх бас нэгэн чухал асуудал бий. Тэр нь юу гэвэл, сүүлийн үед МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс хоёр намыг ойртуулах, хүчийг нэгтгэх саналыг удирдлагуудад шаргуу тавих болсон. Үүнийг анхаарч үзэхгүй байхын аргагүй. Миний бодоход, хоёр намыг нэгтгэнэ гэвэл, хоёр талын их зүтгэл, бэлтгэл ажил, цаг хугацаа шаардагдах төлөвтэй. Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэг эвсэл болж оролцох хувилбар нь илүү ойрхон, бөгөөд бодитой, аль алинд нь хэрэгтэй алхам байх болно. Зөвхөн МАХН-тай төдий бус, парламентад суудалтай, суудалгүй бүх намтай хүчээ нэгтгэн сонгуульд оролцоход бид бэлэн байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэмдэглэе” гэлээ. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын хүн амын дийлэнх буюу 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Иймээс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодлыг сонсох нь ардчилал төдийгүй Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй. Тийм ч учраас МАН шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь чухал гэсэн зорилт тавьж буй” гэдгийг илтгэлдээ онцолсон. Түүнчлэн боловсон хүчний бодлогыг шинэчлэх, нийгмийн харилцааны шинэ стандарт тогтоох, нээлттэй, дотоод ардчилалтай олон түмний нам болохын тулд бүх орон нутагт ардын танхим байгуулах зэрэг олон чухал асуудлыг энэ үеэр хөндлөө.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх тэр дундаа хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдэд түлхүү анхаарч нийгэмд тодорхой байр суурьтай болгох талаар ярьсан юм. Мөн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг төрийн бодлогоор тодорхой хэмжээнд бодитой шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн онд болсон аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд 985 суудлын төлөө 2760 гаруй хүн дэвшжээ. Үүнээс МАН-аас дэвшсэн 1029 хүнээс 260 орчим нь эмэгтэйчүүд юм байна. Эдгээрийн дийлэнх нь анх удаа сонгогдож буй залуу төлөөлөгчид тул шинэ мэдлэг, мэдээлэл олгох, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлэх, мөн орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн эрх мэдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн хяналтын асуудлыг өндөр түвшинд авч үзэх шаардлага тулгарч буй учраас энэхүү сургалтыг зохион байгуулж буй ажээ.