Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга Б.Пагва нь Олон улсын жүдо бөхийн холбооны Энх тайвны хорооны дэд даргаар сонгогдон ажиллах боллоо. Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын эхээр болсон “Их дуулга”-ын тэмцээний үеэр Олон улсын байгууллагаас түүнийг энэхүү албан тушаалд томилсон бөгөөд өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авчээ. Ийнхүү Олон улсын жүдо бөхийн холбоонд анх удаагаа монгол хүн сонгогдон ажиллахаар болжээ.
Б.Пагва нь Прагийн их сургуулийг төгсч, Москва хотноо Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, шүүгчийн зөвлөлийн дарга, Монгол-Чех улсын жүдогийн спортын мастер цолтой юм.
Энэхүү ОУЖБХ-ны Энх тайвны хороо нь Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа томоохон байгууллагуудын нэг юм. Тус хороонд Норвеги улсын иргэн ноён Жан Эрик Шиотцоор удирдуулсан, Польш, Монгол, Франц, Бурунди, Непал, Герман, Австрали зэрэг улсуудаас томилогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Т.МАША