Дэд сайд Г.Байгалмаа Япон-Монголын Барилгын бизнес форумыг амжилттай зохион байгуулсан Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны удирдлага болон тус яамны хамт олонд талархал илэрхийлжээ.
Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд байгуулагдсан БХБЯ-ны талаар товч танилцуулж, яам байгуулагдсанаас хойшхи хугацаанд салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 100,000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр олон ажил төлөвлөөд, хэрэгжүүлж эхэлснийг мэдээлэв. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдан гарсан, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх чиглэл гарч, шинээр хотхон хороолол барих зэрэг олон ажил төлөвлөөд байгаа.
Барилга, хот байгуулалтын салбар дахь бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд боловсон хүчин, ажиллах хүчнийг сургах асуудал чухал байна. Иймээс барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах асуудлаар Японы Барилгын хөгжлийн сантай 2011 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Түүнчлэн 1940-1960 онд баригдсан одоо ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгах шаардлага байгаа. Барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн сорил шинжилгээний лабораторийг байгуулахдаа барилгыг барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчин бэлтгэх ажлыг цогцоор нь шийдэх, мэргэжилтэй ажилчид, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай болсон. Эдгээр чиглэлээр Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Дэд сайд Юичи Масуда Япон-Монголын бизнес форум амжилттай болсныг дуулснаа дурдаад, энэ нь 2 талын хойшдын харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
2 жилийн өмнө Улаанбаатар хотод болсон Япон-Монголын Барилга, дэд бүтцийн бизнес форум энэ удаад Токио хотноо зохиогдож буйг тэмдэглээд, хойшид 2 орны барилга, дэд бүтцийн салбарыг хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.
Монгол Улс хөгжихийн хэрээр Улаанбаатар хотод хүн ам төвлөрч, даац хэтэрч, хот төлөвлөлтийн асуудал зэрэг олон сорилт тулгарч байгаа гэсэн ойлголттой байдаг. Мөн дэд сайдын хэлсэнчлэн шинээр хотхон, хороолол барих шаардлагатай байгаа, хуучин барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэлт зэрэг асуудлууд тулгарч байгааг ойлгож авлаа гэв.
Уулзалтын дараа тус яамны барилгад газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн байдалтай газар дээр нь танилцав.
Уг барилга нь 1966 онд анх баригдсан, 1973 онд давхар нэмж өргөтгөл хийсэн байна. Тус барилгад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээний төсвийг 1998 онд батлуулж, 1999-2000 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэж, 2000 оны 12 дугаар сарын 1-нээс 2002 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд хэрэгжүүлсэн байна. Уг ажлыг үндсэн 4 үе шаттай гүйцэтгэж барилгын 7000 м2 талбай бүхий суурийг тойруулан ухаж, түшиц хана барьсан байна. Мөн түшиц ханыг барьж дуусгаад түр хавтангуудыг угсарсаны дараа барилгын суурийн хавтан доогуур ухаж дэвсгэр хавтанг угсарчээ. Гадсан сууриудыг огтолж түр данхрад суурилуулж байгаад гадсан суурийн 98 шон тус бүрд газар хөдлөлтөөс тусгаарлагчийг угсарсан байна.
Энэ нь японд газар хөдлөлтөөс барилгыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн хамгийн анхны том ажил болсон бөгөөд уг ажлыг нийт 5.5 тэрбум иений хөрөнгөөр хэрэгжүүлжээ. Үүнээс барилгын ажлын өртөг 4 тэрбум иен болсон нь уг барилгыг нурааж шинээр барих зардлаас бага өртгөөр хэрэгжсэн гэсэн мэдээллийг Монголын төлөөлөгчдөд өгөв.
Уг системийг суурилуулснаар газар хөдлөлтийн дараа барилгын бүтээцийн хэсгүүдэд эвдрэл гэмтэл гарахгүй байх, барилга, түүний тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хадгалах, тодорхой хугацаанд уг барилгыг их засваргүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэхээр тавьсан зорилт хэрэгжсэнтэй танилцжээ.