Мал, сүүний урамшууллын тухай эцсийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Мал, сүүний урамшууллын тухай эцсийн хэлэлцүүлэг болно

Мал, сүүнд өгөх урамшууллын тухай эцсийн хэлэлцүүлгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, холбогдох агентлагууд, малчид, түүхий эд бэлтгэгчид зэрэг тал бүрийнхэн гуравдугаар сарын 2-нд хийхээр болжээ. Хэлэлцүүлгээр урамшууллын тухай нарийн авч үзэж ярилцаад ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж, шийвдэрлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар урамшууллын хувь хэмжээ, тараалтыг бүрэн шийдээгүй бөгөөд малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс саналаа ирүүлсээр байгаа тухай албаныхан мэдээллээ.  Тухайлбал, мал, сүүг үйлдвэр, цехэд тушаасных нь хариуд урамшуулал өгөхийн тулд улирлын байдлаас хамаардаг бүтээгдэхүүний гарцыг бодож үзэх саналтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд зуныг бодвол мах, сүү бэлтгэхэд хүндрэлтэй байдгаас хамаарч үнэ нэмэгддэг учраас энэ байдлыг харгалзаж үзэж, урамшууллын хувь хэмжээг тогтоох нь зөв гэж түүхий эд бэлтгэгчид тайлбарлаж байна. Мөн урамшууллыг хэрхэн тараах тал дээр олон байгууллага, сангуудаар дамжуулалгүй, малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн дансанд нь шууд шилжүүлвэл цаг хугацаа алдах, хүндрэл чирэгдэл гарахгүй давуу талтай гэсэн санал ирж байгаа аж.

Сануулахад мал, сүүний урамшууллын тухай эртнээс ярьж эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсан бөгөөд өмнө нь маханд урамшуулал өгөх талаар ярьж байсан. Тэгвэл энэ удаад мах, биш, малд өгөхөөр болсон нь цаагуураа нэн ач холбогдолтой гэнэ. Малчид хотондоо малаа нядлаад махаа хувь хүмүүс болон үйлдвэрүүдэд  зардаг байсан нь эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байсан аж. Тиймээс энэ удаад малаа үйлдвэр, цехэд тушаасан тохиолдолд урамшуулал олгох бол тухайн малыг авсан үйлдвэрүүд нядалгаагаа стандартын төвшинд нядалж, боловсруулж, хэрэглээнд гаргах юм байна. Ингэснээр хүн амын аюулгүй байдал гэж яригддаг хүнсний эрүүл ахуй зохих хэмжээгээр сайжирна гэж үзэж буй талаар албаныхан хэллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж