Монголын газар нутгийн хичнээн хувь нь “лиценз”-тэй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Монголын газар нутгийн хичнээн хувь нь “лиценз”-тэй вэ?

Манайд хамгийн эрчимтэй хөгжиж буй нь уул уурхайн салбар. Үүнээс үүдэн Монгол орон уурхайн орон  боллоо гэсэн ойлголт нийтийн дунд түгсэн. Байгаль дэлхийгээ онголон тахьдаг нүүдэлчин удмын хэн бүхэн өссөн төрсөн нутгаас минь л ашигт малтмалын орд бүү илрээсэй хэмээн залбирах болж. Зарим эрдэмтэн мэргэд уул уурхайн хөгжил эдийн засагт ашиг авчирч буй ч малчид амьдрах нутаггүй, малаа бэлчээх газаргүй болж, нүүдэлчдийн соёл иргэншил устахад хүрлээ гэсэн хатуу шүүмжлэлийг хэлэх болов. Байдал үнэхээр тийм байна уу гэдгийг харин бодит баримтаар илэрхийлж гаргасан нь үгүй. Тиймээс Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас  Монгол Улсын нийт газар нутгийн хичнээн хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг талаарх мэдээллийг авлаа.

Одоогоос найман жилийн өмнө буюу 2005 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд олгосон ашиглалтын болон хайгуулын лицензийн тоо 5913-д хүрсэн байжээ. Тухайн үед лицензтэй талбайн хэмжээ 70 сая га газарт хүрч, нийт газар нутгийн 40 хувийг “эзлээд” байж. Тэгвэл одоо лицензийн тоо 3636 болтлоо буурсан төдийгүй нийт газар нутгийн 13 хувь буюу 21 сая га газар нь тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа юм. Үүнээс ашиглалтын 1255 лицензийн эзэлж буй талбайн хэмжээ  нийт газар нутгийн 0,5 хувь буюу 0,8 сая га-г эзэлж буй. Өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс идэвхтэй ашиглаж байгаа уул уурхайн талбай  0,8 сая га-гийн ердөө 0,18 хувийг эзэлж  байгаа юм. Энэ нь малын бэлчээрээс хомслох хэмжээнд хүрсэн ноцтой үзүүлэлт биш гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 2010 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн ҮАБЗ-ийн шийдвэрээр ашигт малтмалын лицензийг шинээр  олголтыг хориглосон. Өөрөөр хэлбэл  тэр өдрөөс хойш ашигт малтмалын лицензийн тоо нэмэгдээгүй гэсэн үн. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-ээс лицензийг бусдад шилжүүлэх, наймаалцаж арилжихыг мөн хаасан.  Энэ бүх шийдвэр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тойрсон  замбараагүй байдлыг  цэгцэлж, лицензтэй талбайн хэмжээг бууруулахад чиглэж буй нь ойлгомжтой. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар ирэх хоёр жилд хайгулын болон ашиглалтын лиценз нэмж олгохгүй бол лицензтэй талбайн хэмжээ 2014 он гэхэд долоон хувь, 2015 он гэхэд таван хувьд хүртэл буурах хандлагатай юм байна. 

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж