Сөүлээс техникийн ажилтнууд авчрахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сөүлээс техникийн ажилтнууд авчрахаар болжээ

МИАТ компанийн Техникийн хэлтсийнхэн ажил хаях болсноор Сөүл, Бээжингийн нислэг саатсан. ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй холбогдон зарим зүйлийг тодрууллаа.

-Сөүлийн онгоцоор явах байсан олон хүн Монгол Улсын хилийг давсан. Онгоц саатсан учир тэдгээр иргэдийг буцаах арга хэмжээ авсан уу?

-Техникийн ажилтнууд ажлаа хийх боломжгүй гэсэн мэдэгдэл гаргасны дараа нислэг цуцлах шийдвэр гаргасан. Тэр даруй Сөүл явах байсан 152 хүнийг буцаж хил давуулаад тараасан.

-Тэр хүмүүс хэзээ нисэх боломжтой вэ?

-Маргаашийн онгоцоор явуулах арга хэмжээ авч байна. Сөүлээс Монгол руу ирэх онгоцыг томруулах хүсэлт гаргалаа. Том Боинг ирэх болов уу. Тэр онгоцоор өнөөдрийн саатсан хүмүүсийг  явуулах юм. Мөн Бээжингээс том онгоц захиалсан.

-МИАТ-ийн техникийн бүх ажилтнууд ажлаа хийхгүй гэдгээ мэдэгдсэн гэсэн. Тийм тооны техникийн ажилтан олно гэдэг амаргүй. Цаашдаа нислэг таслахгүй байхын тулд ямар арга хэмжээ авахаар болов?

-Бидэнд нийт 60 орчим хүн ажлаа хийхгүй гэсэн мэдэгдэлд гарын үсэг зурж өгсөн. Өмнөд Солонгосын “Korean Air”  компанийнхантай яриад техникийн ажилтан ирүүлэх хүсэлтээ албан ёсоор тавилаа.

-Олон хүн авчрах зардлыг манайх даахад хүндрэлтэй биш үү?

-Олон хүн шаардлагагүй. Нарийн мэргэжлийн 4-5 хүн ирж ажиллахад болно. Нислэгээ таслахгүй байж байгаад энэ асуудлаа шийднэ.

-МИАТ-ийн техникийн ажилтнуудаас ажлаа хийнэ гэсэн хүн байна уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж