Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үндэсний хэмжээнд СӨБ, ЕБС-иудын багш удирдах ажилтнуудын дунд таван жил тутамд сургалт зохион байгуулдаг мэргэжлийн томоохон байгууллага. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус байгууллага таван удаагийн томоохон сургалтыг нийслэл хот болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж 6810 багшийг хамруулжээ. Цаашид улсын хэмжээний 27 мянган багш нарт хүрч ажиллах, тэднийг мэдээллээр хангах, хөгжүүлэх, сургалтын шинэ арга зүй, технологийг эзэмшүүлэх нь нь энэ байгууллагын гол үүрэг, зорилго юм.
Сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ байгууллага болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш нарын төлөөлөл бүхий хүмүүст “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого” сургалт-хэлэлцүүлгийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн зохион байгууллаа. Өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн 21 аймагт явуулсан сургалт энэ оны хоёрдугаар сараас нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч нарын дунд зохион байгуулагдлаа. Сургалтад төрийн болон хувийн өмчийн бүх цэцэрлэгийн 500 гаруй эрхлэгч, арга зүйчид хамрагдаад байна.
Энэхүү сургалтын гол агуулга нь Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг танилцуулах, хүүхдийг хэрхэн багаас нь хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх, бие хүн болгох төлөвшүүлэх, цэцэрлэгийн багш, удирдах ажилтаны ёс зүй асуудлууд байсан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа уг сургалтын талаар “Хүүхэд бүр дотороо өөр өөрийн нарт ертөнцтэй бөгөөд түүнийг нь хаах биш харин нээж, гэрэлтүүлэх ёстой, хувь хүн болж төлөвших үйл явцын 60-70 хувь нь цэцэрлэгийн насанд буюу 3-5 насанд суудаг тухай байнга санаж, түүнд нь хүндэтгэлтэй хандаж, тэр л насанд нь хүүхдийг зөв хүн болох суурийг тавьж өгөх нь сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нарын үүрэг” хэмээн ярьж байна.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт цаашид энэ мэтчилэн үндэсний хэмжээний сургалтуудыг тогтмол зохион байгуулж багш, арга зүйч нарын мэргэжлийн түвшин ёс зүйг сайжруулах, чанаржуулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх юм.