Өмнөд Солонгосын ирээдүй

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Магадгүй шинэ ерөнхийлөгчийн аав нь өнөөгийн өмнөдийг хөл дээр нь босгосон болохоор ард түмэн нь түүнээс ихийг хүлээж байж болох. Угтаа дэлхий нийт ч итгэл тээсэн харцаар түүнийг ширтэж эхэллээ. Пак Гён Хэ ч хоёр солонгосын асуудлыг нааштайгаар шийдэж, эдийн засгийн өсөлтийг өнөөгийн төвшнөөс дээрдүүлнэ гэдгээ тангаргын үгэндээ дурьдсан. Гэхдээ түүний ярьж байгаа энэ бүх асуудлууд ганцхан далайлтаар шийдэгдчих амархан ажил биш гэдэг нь ойлгомжтой.

Пак, Кимийг “хувиргах” уу

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө аавынхаа сууж байсан суудалд түүний охин сууж Пакын эрэн үеийг гаргалаа. Түүний хамгийн том хүсэл нь хоёр солонгосын харьцааг зөөлрүүлж, нэгтгэх. Үүний тулд ирэх дөрөвдүгээр сард томоохон уулзалтыг зохион байгуулах гэж байгаа гэх. Угтаа 10-аад жилийн өмнөөс Солонгосын өмнөх ерөнхийлөгчид хоёр солонгосын харьцааг зөөлрүүлэх хүсэл тээж ирсэн ч тэр бүр хэрэгжиж чадаагүй билээ. Өмнөд Солонгос болон Япон улсад зэрэг зохиогдсон 11 жилийн өмнөх дэлхийн аваргаар хоёр солонгос нэгдэж, нэг баг болон оролцох тухай ярьж байсан ч чадаагүй. 2004 он Афины олимпоор ч хоёр солонгос нэгдэж оролцох байсан бас л болоогүй. Харин ирэх 2016 оны Риогийн олимпод тэд нэгдэх болов уу? Харах л үлдлээ.
    
Эхний ээлжинд Хойд Солонгосын пуужин харвах болон цөмийн зэвсэг турших үйлдлийг тодорхой хэмжээгээр судалсны дараа зогсоох арга хэмжээ авна гэснийг мартаж болохгүй. Угтаа тагнуулын ямар хэрэгсэлээр энэ тухай мэдэхийг таахад тун бэрх. Гэхдээ түүнийг тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчидтэй цэргийн хамтарсан сургуулилт хийсэн нь асуултанд бага ч болов хариу өгч байж болох. Энэ үйлдлийгхойдчууд тун дурамжхан хүлээж авсан ч пуужин харвах ажлаа эхлүүлэхийг яарсангүй.

Японтой хэрхэн харьцах вэ?

Япон хэрхэн харьцах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан маргаантай байгаа газрын асуудалд “Хөх ордон” анхаарлаа хандуулахыг шинэ ерөнхийлөгч нуугаагүй. Такешима арлын ойролцоо эргийн хамгаалалт гаргаж, ирэх зун гэхэд Японтой хэлэлцээрийн ширээний ард сууж магадгүй. Хэрвээ тэд ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадвал Солонгосын нэг ч гэсэн асуудал нааштайгаар шийдэгдэж болох юм. Гэхдээ энэ ч тийм амархан зүйл биш. “Маргаантай арлын тухай асуудал яг одоо азийн шүдний өвчин болоод байна. Үүнийг хэрхэх нь улстөрчдийн мэргэн ухаан л мэдэх хэрэг. Тийм ч амархан шийдэгчдчих асуудал биш л болов уу” гэж Лондонгийн их сургуулийн дорно дахины тэнхимийн профессор Билл Жонсон ярьжээ.

Эдийн засгаа дээрдүүлэх хүсэл

Өнгөрсөн жилийн төгсгөлд үзүүлсэн эдийн засгийн муугүй өсөлтийн дараа 2012 онд Өмнөдийн эдийн засаг 2,3 хувиар өссөн байна. Гэхдээ 1997-1998 онд азид үүссэн хямралд хамгийн их хохирсон улс өмнөдүүд гэдгийг санахад илүүдэхгүй. Харин дараа жилд нь хөрөнгийн зах зээл болоод экспортод түшиглэсэн эдийн засгийн бодлогыг баримталсанаар азийн дөрөв дэх эдийн засаг гэсэн томоохон байр сууриа хадгалан үлдсэн билээ. Сүүлийн жилүүдэд электрон хэрэгслийн үйлдвэрлэл болоод машин, механизмын салбарт дэлхийн томоохон тоглогч болж чадсан өмнөдүүд энэ салбарын үйлдвэрийн тоог дахин тодолрхой хэмжээгээр нэмэх болсоноо зарлаад байгаа. Хэрвээ Солонгос улс эдийн засгийн өсөлтөө 5 хувьд хүргэж чадвал шинэ ерөнхийлөгчийн нэр хүнд ч, Солонгосын нэр хүнд ч дэлхийн тавцанд өсөх нь гарцаагүй. Гэхдээ сүүлийнж жилүүдэд солонгос улсад татварыг нэмэх тухай ярьж эхэлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр бүр таалагдахгүй байгаа. Эдийн засгийн зарим мэргэжилтнүүд өмнөдүүдийг АНУ шиг татварын бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл дахин сонгогдохоосоо өмнө Барак Обамагийн ярьж байсан шиг томоохон компаниуд өндөр татвар төлж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид нь өөрсдийн ашигтай тэнцэхүйц хэмжээний татвар төлдөг тогтолцоо шиг гэж ойлгож болно. Гэхдээ өмнөдөд нэг том асуудал бий. Хэрвээ өмнөдийн эдийн засгийн бараг талаас илүү хувийг босгодог томоохон компаниудад өндөр татвар ногдуулаад эхэлбэл төртэйгөө хэрхэн хандах вэ гэдэг нь эргэлзээтэй. Дээрээс нь өмнөдийн парламентийн ихэнх суудалд нэр нөлөө бүхий бизнесмэнүүд нь сууж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.

Энэ мэтчилэн олон асуудлууд байгаа ч шинэ ерөнхийлөгч өөрийн үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Шинэ ерөнхийлөгч өөрийн албан ёсны айлчлалыг хаанаас эхлэхээ албан ёсоор зарлаагүй байгаа ч мэргэжилтнүүд түүнийг Хойд Солонгосоос эхэлнэ хэмээн таамаглаж байна.

Б.БОЛОРСҮХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж