“Дотоодын дүрвэгчид”-ийг анхаараач гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

“Дотоодын дүрвэгчид”-ийг анхаараач гэв

Дүрвэгч гэдэг үг уг нь бидэнд төдий л танил биш. Нэг улсаас нөгөө рүү дайжин одогсдыг л ийн нэрлэдэг бол манай улсын дотоодод дүрвэгчид бий болоод байгааг өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд болсон “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцох уулзалт”-ын үеэр ахмад геологич Ч.Хурц өгүүлж байлаа. Уул уурхай олонтой говийн аймгийн малчид нутаглах бэлчээргүй болсноос дотооддоо дүрвэж эхэлсэн бөгөөд машин мотоциклтой хамгаалагч нарт хөөгдөн туугдан нутаг сэлгэх болсон малчдыг төр засгийнхан анхаарах цаг болсныг хэллээ. Өөрийн өссөн төрсөн нутгаасаа дүрвэсэн малчид Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан зэрэг аймгийн нутгаар өвөлжиж, хаваржиж буй ажээ. Үүнээс болж уламжлалт нүүдлийн амьдрал ч устаж болзошгүй байгаа гэнэ. Уул уурхай амжилттай хөгжсөн орнуудад бол нутгийн уугуул иргэдийн асуудлыг тухайн олборлогч байгууллагууд өндөрт тавьдгийг төрийн бус байгууллагын төлөөлөл бас хэлж байсан юм. Гэтэл манайд малчдаа эмзэг бүлгийн иргэд мэт үзэж байгаагаас уугуул нутгийн малчид нь малаа бэлчээх газаргүй, амьжиргаагаа залгуулах боломжгүйгээс дассан нутгаасаа нүүх, эсвэл малаа зарж борлуулан төв суурин бараадах болжээ. Иймд нутгийн уугуул иргэдийн асуудлыг шинэчлэн найруулж буй хуулинд тусгаж, малчдадаа дэмжлэг үзүүлэх саналыг гарган тавилаа.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж