Берлускони саналаа өгөхөөр Милан хотын нэгэн сургууль дээр ирсэн байжээ. Гэтэл түүнийг хэсэг рүү орох үеэр FEMEN хөдөлгөөний тайчсан гурван эмэгтэй “Basta Berlusconi!” (Берлускони болоош дээ!») хэмээн хашгирч, дотогш нэвтрэх гэж оролджээ. Цагдаа нар тэднийг дор нь саатуулан Берлусконигаас холдуулсан байна.
FEMEN-ийн сайтад бичсэнээр дээрх эсэргүүцлийн үеэр хөдөлгөөний гишүүн Инна Шевченко, Оксана Шачко, Ельвир Дювель-Шарле (Францын иргэн) нарыг саатуулсан гэнэ.
“Мафийн гишүүн, хүүхдийг садар самуунд уруу татагч Берлусконийг “улс төр”-өөс арчиж хаяхыг FEMEN италичуудад уриалж байна. Шоронд суух ёстой хүний төлөө Итали орон бүү санал өг!!!” гэж FEMEN сайт Миланд болсон эсэргүүцлийг тайлбарласан байв.
Берлускони нь 1994-1995, 2001-2006, 2008-2011 онд Италийн ерөнхий сайд байсан юм. Энэ хугацаанд Берлускони хэд хэдэн удаа сексийн болон бусад дуулиант хэрэгт холбогдсон билээ. Гэвч дээрх хэргүүдийн төлөө тэр ямар нэгэн ноцтой шийтгэл авч байсангүй.
Италийн эмэгтэйчүүдийн байгууллага болон эмэгтэй улс төрчид огцорсон ерөнхий сайдаа эмэгтэйчүүдэд тоомсоргүй хандаж, тэдний эрхийг хамгаалах талаар дорвитой ажил хийгээгүй гэж үздэг.