Ажил дээр гарахаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Ажил дээр гарахаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

Амьдралаас ажиглаж байхад залуус өндөр цалин хангамжтай ажил дээр гараад ирэхээрээ өөрийгөө хөгжүүлэх нь багасаж өөрийн жаахан авъяас чадвартаа эрдэж, за ингээд л болоод байгаа юм чинь гэсэн сэтгэгдэлтэй болдог юм шиг санагддаг. Ихэнхи залуус ажил дээр гарахаараа хөгжих нь зогсож, өдөр хоногийг аргацаасан байдалтай болж, компанид ажил хийж өгч байгаа юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандсанаараа, өөрөө ч сэтгэлгээний хувьд хөгширч, чадварын хувьд доройтоод байгаа нь амьдралаас харагддаг. Хүн үргэлж хөгжиж, чадваржиж байхын тулд яах ёстой вэ?

Үглэхээс үлгэрлэ гэхчээр, өөрийнхөө амьдралд барьдаг зарчимаас залуустайгаа хуваалций. Хүн сайн яваасай гэсэн хүндээ л үг хэлдэг гэдгийг ойлгож, авах гээхийн ухаанаар хандаарай.

1. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ. ҮГҮЙ БОЛ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ.

Би өөрийн хийж буй зүйлийг хүний, өөрийн, хувийнх, ажлынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл ажил дээр ч бай, хаана ч бай өнгөрөөж байгаа цаг мөч бүр миний амьдралын цаг хугацаа өнгөрч байгаа нь тэр шүү дээ. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Жишээ нь хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа нь өөрийнхөө л амьдралыг үрж байгаа цаг хугацаа гэсэн үг. Мөн нөгөө талаас ажлаас сурч мэдсэн, өөрийгөө дайчилж олж авсан чадварууд миний л өмч болно.

Нэг жишээ татъя. Намайг “Эх орон” ТВ-д ажиллаж байхад сэтгүүлчид ингэж ярьдаг байсан. "За энэ муу нэвтрүүлгийг яаж ч хийсэн яадаг юм. Аргалаад л нэг юм гаргаж л байвал болоо" гэж. Ингэж хандсанаараа тэр хүн өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Өөрөө ч чадварждаггүй. Би эсрэгээрээ ханддаг байсан. Би үнэхээр энэ нэвтрүүлгийг сайн найруулаад, сайн хөтлөөд, эрж хайж сонирхолтой хүмүүстэй танилцаад, хэрэгтэй яриа өрнүүлж чадвал, тэр танил гэдэг миний л нөөц баялаг болно. Сайн нэвтрүүлэг хийгээд нийгэмд оюуны хөрөнгө оруулж чадвал энэ миний нийгэмд оруулж буй иргэний үүрэг гэж боддог байсан. Тэгснээрээ би их зүйлийг сурч авсан. Өөрөө ч хөгжсөн. Танилын хүрээ ч нэмэгдсэн.

NMMATeam-ийн хувьд ч гэсэн би маш их зүйлийг сурч мэдэж хөгжиж байна. Би анх орж ирэхдээ интернэт маркетинг гэдгийг ойлгодог ч үгүй сэтгүүлч л байсан. Харин одоо би 6 сарын хугацаанд компаний захиралд зөвлөгөө өгдөг болтлоо хөгжсөн байна. Гэтэл надтай хамт ажил эхлүүлж байсан зарим хүмүүс интернэт маркетингаа ч сайн ойлгоогүй, зүгээр л хүний хэлсэн ажлыг хийгээд яваад байсан хүн ч байна. Тэр хүн өөрөө ч нээх сайн хөгжөөгүй.

2. ӨДӨР БҮР ШИНИЙГ МЭДЭЖ, НЭГ УР ЧАДВАР НЭМЖ, БУСДЫН ДАВУУ ТАЛААС СУРАЛЦ.

Хүн үхэн үхтлээ суралцдаг. Хүн сурахаа больвол уруудаж байна гэсэн. Тиймээс бид зөвхөн ажлаасаа гадна хувь хүн талаасаа өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой гэж би боддог. Ажил дээр нэг мэдэхгүй зүйл гарахад хүнээр хийлгэхээсээ илүүтэйгээр өөрөө сураад авъя гэж боддог. Нэг зав гарвал нэг ч гэсэн ухаантай хүний нийтлэл уншъя, нэг зөв хүний яриа сонсоё гэж боддог. Хүн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж, мэргэжлийн талаасаа ч нэг чадвар нэмж, нэг чадахгүй байсан зүйлээ чадддаг болох ёстой гэж боддог.

Ажилдаа сайн, мэргэжилдээ чадварлаг байхаас гадна хүний амьдралд олон төрлийн боловсрол хэрэгтэй болдог. Эрүүл мэндийн, гэр бүлийн, харилцааны, хуувь эрх зүйн, санхүүгийн гэх мэт наад захын боловсрол хэрэг болдог. Манай боловсролын тогтолцоонд энэ агуулга нь орхигдсон байдаг учраас залуусд дээр дурьдсан боловсрол маш дутмаг байгаа нь мэдрэгддэг. Хаа сайгүй нь өвдсөн зовсон залуус, салсан сарнисан гэр бүл байгаа нь энэ бүхний илрэл юм. Тиймээс залуус бид чөлөөт цагаа дээрх боловсролуудыг олоход зориулж, МОНГОЛЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛОН, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ТООГ нэгээр нэмээсэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: http://luvsandorj.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж