“Chess in school” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

“Chess in school” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монголын шатрын холбооноос ОУШХ-ны ерөнхийлөгч К.Илюмжиновын айлчлал болон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, дэлхийн өндөр зэрэглэлтэй эмэгтэй шатарчдын “Гранпри” тэмцээнийг Монголд зохион байгуулах, цаашдын хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.
 
Манай улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 20-ны өдөр Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов айлчлан ирж ОУШХ-ноос Монголын шатрын холбоотой хамтарч ажиллах, цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн “Монгол шатрын ордон”-г барих, 2014 онд Монголд зохиогдох өндөр зэрэглэлтэй эмэгтэйчүүдийн “Гранпри” тэмцээний зардлыг ОУШХ-ны гэрээт байгууллага 100 хувь гаргахаар болсон зэрэг мэдээллийг өглөө.

Монголын шатрын холбооноос саяхан сонирхогчдын болон насанд хүрэгчдийн шатрын тэмцээниийг зохион явуулсан байна. Насанд хүрэгчдийн тэмцээнд нийт 2050 шатарчин өрсөлдөж 50 шатарчин тунаж, ирэх гуравдугаар сарын 13-наас эхлэн хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр болжээ.

Боловсролын сайдын 2011 оны 471 тоот тушаалаар шатрыг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт сонгон хэлбэрээр оруулж байгаа юм. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах “Chess in school” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаагаа шатрын холбооноос мэдэгдлээ. Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт шатрын спортыг оруулснаар хүүхэд багаасаа оюун ухааны спортоор хичээллэж, энэ нь хүүхдэд зөв хүмүүжил олгож, зөв хувь хүн болж төлөвшихөд ихээхэн ач холбогдолтой юм.

Өнөөдөр дэлхийн 47 орон шатрыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөртөө оруулсан байдаг бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сайнаар нөлөөлдөг байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж