“Ноосыг дотооддоо 100 хувь боловсруулдаг болно”

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

“Ноосыг дотооддоо 100 хувь боловсруулдаг болно”

Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулж байгаа Орон нутгийн удирдлагын нэгдсэн сургалтад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оролцож, салбарынхаа хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж чадвал ажлын байр бий болгох боломжтойн дээр эргээд малчдын ахуй амьжиргааг дээшлүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, ноос, ноолуур, арьс ширийг гүйцэт боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх бололцоотой болох аж. УИХ-аас ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 2011 онд 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж байжээ. Үүний 50 тэрбум төгрөг нь малчдад урамшуулал хэлбэрээр очсон бол үлдсэн хэсэг нь ноос ноолуурын салбарыг дэмжихэд зарцуулагдсан байна. Урамшууллын тухайд тодруулахад үндэсний үйлдвэртээ ноосоо тушаасан малчин бүр урамшууллыг авах бололцоо бүрдсэн, энэ нь эргээд үйлдвэрлэлээ дэмжээд зогсоогүй малчдад ч томоохон дэмжлэг болжээ. Цаашид урамшууллыг үргэлжлүүлнэ. Ингэснээр 2016 онд анхан шатны боловсруулалт хийсэн ноосны экспортыг зогсоож, 100 хувь дотооддоо бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ. Бонд үндэсний үйлдвэрүүдэд үр дүнгээ өгч эхэлсний жишээг Төв аймагт байгуулагдсан ноос ээрэх үйлдвэрээр жишээлж болох аж. Тус ээрэх үйлдвэр  хоногт хоёр ээлжээр 2 тонн утас ээрэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрийн ажиллагааны хувьд, ноос угаах, самнах 18 үйлдвэрээс  самнасан ноос авч, ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг явуулах аж.  Мөн 6000 тонн хонины ноосны хялгасы гялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгээр  ээрч  даавуу үйлдвэрлээд дамжлагын 2800 орчим тонн хаягдал хялгас дээр бодын хөөвөр нэмж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ мэтчлэнгээр аймаг бүрт тодорхой бодлогын төвшинд хөнгөн үйлдвэрийг байгуулах болно гэдгээ Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд онцоллоо.

Судалгаагаар Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар дахь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт 100 хувь гадаад зах зээлээс хараат байж, жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу импортоор оруулж ирж үйлдвэрлэл явуулдаг болох нь батлагджээ. Тиймээс эхний ээлжинд дээрх үйлдвэрийг байгуулсан нь ноосон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлдээ гаргаж, цаашлаад экспортлох боломжийг бүрдүүлж өгч байгаа төдийгүй ажлын байр шинээр бий болох бололцоог нээжээ.

Мөн яамнаас хэрэгжүүлж байгаа нэг ажил нь үндэсний үйлдвэрт арьс ширээ нийлүүлсэн малчинд урамшуулал олгоно. Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож эхэлсэн. Энэ нь урд хөрш рүү түүхийгээр экспортлогдож байгаа арьс ширний урсгалыг зогсоож дотооддоо боловсруулдаг болоход анхаарч буйтай холбоотой аж. Тоон үзүүлэлтээр авч үзвэл 10 орчим сая арьс шир өмнөд хөрш рүү экспортлогддог байна. Тодруулж хэлбэл, бэлтгэгдсэн арьс ширний ердөө 20 хувь дотооддоо боловсруулагдаж 80 хувь нь түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортонд гардаг “үзэгдэл” эцэс болно гэж үзжээ.

Цаашдаа салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилганд тулгуурлан ноос, ноолуур, арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг орон нутагт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж