Кино урлагийн салбар дахь хамгийн тааруу, муу бүтээлийг шалгаруулдаг “Алтан бөөрөлзгөнө”-ийг энэ жил “Twilight” тэргүүлэв. Тус наадмын 10 номинацид бүгдэд нь нэр дэвшсэн тус кино долоон шагналд “шилдгээр” тодорчээ. Найруулагч Билл Кондон, гол дүрийн жүжигчид болох Кристен Стюарт, Тейлор Лотнер бүгд шагналын эзэд болсон байна. Тус киноны авч чадаагүй гурван шагналын нэг нь гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон. Түүний оронд “Алтан бөөрөлзгөнө”-ийн Хамгийн муу эрэгтэй жүжигчнээр Адам Сандлер тодорчээ. Өнгөрсөн жил 10 ч “бөөрөлзгөнө” авсан Сандлер энэ жил мөн хамгийн муу кино зохиолын шагнал ч гардсан байна. “Алтан бөөрөлзгөнө”-ийн Хамгийн муу туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагнал харин Рианнагийнх болов.
“Алтан бөөрөлзгөнө” шагналыг 1980 оноос хойш олгож байгаа ба “Алтан бөөрөлзгөнө” сангийн 650 гишүүнээс гадна Rotten Tomatoes гэдэг кино шүүмжийн сайтын 70 мянган хэрэглэгчдийн саналын дагуу “шилдгийг” шалгаруулдаг. Шагналын эздэд дөрвөн ам.долларын үнэтэй хуванцар тоглоомыг алтлаг өнгийн будгаар бүрсэн цом гардуулдаг байна. “Алтан бөөрөлзгөнө”-ийг Кино академийн дээд шагнал Оскарын өмнө гардуулдаг боловч шагналтнуудаас цөөн хэдхэн нь л хүрэлцэн ирдэг ажээ.