Европын холбооны гадаад бодлогын даргын төлөөлөгч Майкл Манн энэ талаар “Их гүрнүүд Иранд сайн санал тавихаар төлөвлөсөн. Харин Ираны талаас боломжийг алдалгүй, асуудалд уян хатан хандаасай гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр их гүрнүүд Ираныг уран баяжуулалтаа 20 хувиар багасгаж, маргаан дэгдээсэн “Fordo” уран баяжуулах үйлдвэрээ хааж, хэдийнэ боловсруулсан ураныхаа 20 хүртэлх хувийг гадаадад экспортлохыг шаардаж байгаа аж. Харин Ираны зүгээс Тегераны эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ сулруулж, алтны үйлвэрлэлд тавьсан хоригоо цуцлахыг хариу хүсч байгаа юм байна. Гэхдээ зарим шинжээчид Иран “Natanz” цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн нь талуудын хооронд бүрхэг байдал бий болгосон аж.
“5+1” хэмээн нэрлэгдсэн Америк тэргүүтэй Их Британи, Хятад, Франц, Герман, Орос зэрэг их гүрнүүдийн төлөөлөгчдийн энэхүү уулзалтанд Ираны талаас улсын аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичиг Саид Жалали тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Саид Жалали мэдэгдэхдээ тус улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний заавар, зөвлөмжөөс гадуур ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй гэжээ. Үүнээс өмнө Ираны дээд удирдагч, шашны тэргүүн Аяатолла Али Хамени тус улсын эсрэг АНУ хоригоо чангатгасантай холбоотойгоор дээрх яриа хэлэлцээрт Иран улс оролцохгүй гэдгийг мэдэгдээд байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сард ОХУ-ын Москва хотноо Ираны цөмийн асуудлаар үүнтэй төстэй уулзалт болсон боловч тодорхой үр дүнд хүрээгүй билээ.