Хурлын үеэр талийгаачийн аав Ц.Гүнтэвээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та чухам юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хүү 40 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Архи дарс тэр бүр хэрэглээд байдагггүй сайн хүү байсан. Хүүг маань гудамжинд халамцуу явахад нь цагдаа нар Эрүүлжүүлэх байранд хүргэсэн гэсэн. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар хүү маань Эрүүлжүүлэх байранд амиа алдаж, цагдаа нар “Эрүүлжүүлэх байранд хүн нас барлаа” гэсэн дуудлагыг хэрэг гардаг өдрийн (2012.03.29) 04.00 цагт эмнэлгийн байгууллагад өгч, цогцсыг нь шууд шарил хадгалах газарт хүргэсэн байдаг юм. Тэгээд ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй, хууль зөрчин задлан шинжилгээнд оруулсан. Илт гадны нөлөөтэй нас барсан нь баримттай байхад хэрэгсэхгүй болгосон тул бид шат шатны байгууллагад гомдол гаргаж, жил орчмын хугацаанд прокурорын хаалга сахиж байна.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт яаж гарсан бэ?
-Гадны нөлөөний улмаас талийгаачийн бие нь нилэнхүйдээ хөхөрсөн, хавирга хугарсан байсан. Энэ тухай хавтаст хэрэг дээр ч дурьдсан байгаа. Гэтэл архины гүн хорлогод орж, амиа алдсан гэж Дархан-Уул аймгийн шүүх эмнэлгийн эмч нар магадлан гаргасан.
-Хэргийг хаана шалгасан бэ?
-Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөх шалгах хэлтсийн мөрдөн байцаагч н.Ганчан мөрдөн байцаалт явуулж, аймгийн прокурорын хэлтэст хавтаст хэргийг хүргүүлсэн. Гэвч прокурор н.Идэр “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч архины гүн хордлогоос болж амиа алдсан” гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хүүг минь хэн, хаана зодож биедээ хүнд бэртэл авсан байх вэ гэдгийг хэн ч шалгаагүй, шалгахыг ч хүсээгүй. Шат шатны прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгосоор, одоо хэнд хандахаа ч мэдэхгүй байна гэж ярьсан юм.
Тэрээр хүүгээ гадны нөлөөтэйгээр нас барсан гэдгийг гэрэл зургаар баримтжуулсан бөгөөд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэнд хандахаа мэдэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм.
Харин хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгосон учрыг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтсийн албаны эх сурвалжаас тодруулахад “Талийгаач Эрүүлжүүлэх байранд бусдад зодуулж, гэмтсэн, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байдалтай ирсэн. Мөрдөн байцаалт болон Шүүх эмнэлгийн дүгнэлтээр архины гүн хордлогод орсны улмаас амиа алдсан гэдэг нь нотлогдсон тул хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон” гэсэн тайлбар өглөө