Хорт хавдрын эмчилгээний дараа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн амьсгалын эрхтнүүдийн үйл ажиллагаа сэргэж чадаагүй хэмээн Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Албан ёсны мэдэгдэлд үг, хэллэгийг ихэд болгоомжтой сонгон ашигласан нь тодорхой харагдаж байна. Мөн Чавесийн найз, Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа “Внесуэлийн дэд ерөнхийлөгч Мадуро түүнийг орлох чадвартай” гэж мэдэгдээд байна.
Венесуэлийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт тус орны ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдлын талаар албан ёсны мэдэгдэл тараасан юм. Кубад хоёр сарын турш хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн Чавес Каракаст буцаж ирсний дараа гаргасан анхны мэдэгдэл нь энэ болжээ.
Тус улсын Мэдээлэл, холбооны сайд Эрнесто Вильегас төрийн телевизээр Засгийн газрын албан ёсны мэдэгдлийг уншиж, танилцуулсан байна. “Арванхоёрдугаар сарын 11-нд Кубын Хавана хотод мэс засал хийлгэсэн Боливарианы Бүгд найрамдах Венесуэла улсын ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар анх удаа ард иргэдэд мэдээлж байна” гэж мэдэгдлийн эхэнд дурджээ.
Чавес эх орондоо ирснээс хойш Каракас хотын Карлос Арвелогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгааг сайд давтан мэдээлэв. Эмнэлэгт Чавесийг дэд ерөнхийлөгч Николас Мадуро Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабельо нар эргэн очсон байв. Том тушаалтнуудаас гадна хамаатнууд нь Чавесийг эмнэлэгт сахиж байгаа гэнэ. Чавесийн хамаатан садан тэнд тогтмол байгаа нь ерөнхийлөгчийн бие тааруу гэсэн яриаг гадуур тарааж байна.
Төрсөн нутагтаа амьсгаагаа хураахын тулд ерөнхийлөгч эргэн ирсэн гэх яриа нийслэлд нь тархжээ. Чавес энэ удаа эх орондоо ирэхдээ сүр дуулиантай угталт хийлгээгүй учраас энэ яриа улам үнэмшилтэй болж байна. “Эх орондоо чимээгүй, нууцаар ирсэн нь зальтай, овжин, “Супер од Исус Христ” гэгдэж байсан үйлдэлтэй тэр хүний хувьд гэнэтийн хачин тохиолдол боллоо” хэмээн El Universal сонинд өгүүлсэн байв. Хавана хотод эмчлүүлж байхдаа охидынхаа хамт Кубын коммунист намын “Granma” сонин уншиж буй зургаас нь өөр албан ёсны гэрэл зураг гараагүй нь бас хүмүүсийг төөрөгдүүлж байна.
Чавесийн биеийн байдлын талаарх Засгийн газрын албан ёсны мэдэгдэл нь түүний талынханд тайвшрал авчраагүй гэхээр. Улсын телевизээр дамжуулсан мэдэгдэлд маш болгоомжилсон томьёолол их байв.
“Өмнөхийн адил мэс заслын дараа гарч ирсэн амьсгалын дутагдал байна. Хандлага тийм ч таатай бус. Үүний улмаас эмчилгээ үргэлжилж байна” гэсэн Вильегасын мэдэгдлээс Венесуэлийн Globovision суваг дамжуулжээ.
Мэдээлэл, холбооны сайдын мэдэгдэлд “Харин түүний суурь өвчний эмчилгээ сайн байгаа” гэжээ. “Ерөнхийлөгч амьдрах маш их эр зориг гарган Христэд татагдаад заагдсан эмчилгээг хатуу сахиж байна” хэмээн сайд Вильегас нэмэн хэлэв.
Засгийн газрын нэрийн өмнөөс сайд, иргэддээ “Чавесийг буцан ирэхэд нь “баяр хөөр, эв нэгдлээ гаргасанд нь” талархжээ. Командант ерөнхийлөгчийн өөрийн хүслийн дагуу Чавесийг эмчилж байгаа эмнэлэг ердийн венесуэльчуудыг хүлээн авч эмчилж байна гэж сайд эмнэлгийн ажилтнуудын зүтгэлийг үнэлээд “Чавес мандтугай!” гэсэн уриагаар мэдэгдлээ төгсгөжээ.
Цэргийн эмнэлгийн эх сурвалж хэлснээр Чавесийг Кубын эмч нар эмчилж байгаа гэнэ. Эмнэлэг нь энгийн хүмүүст тусламж үзүүлсээр байгаа ч тэнд байдлыг тайван гэж хэлэхэд хэцүү гэж эх сурвалж Reuters агентлагт хэлсэн байв. Эмнэлгийн есөн давхар хүрэх шат, коридорт зэвсэгт хамгаалагчид зогсч, ажиглалтын камер зоожээ. Чавесийн байгаа тасагт хүрэх шатыг модон хаалтаар хааж, бүрсэн гэнэ.
Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар тодорхойгүй байгаагаас түүний популист дэглэмийн ирээдүйн талын яриа ихээхэн газар авч байна. Хэрэв Чавес тушаалаасаа татгалзвал тэр өдрөөс нь 30 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой. Ийм тохиолдолд Чавес өөрөө залгамжлах хүн гээд зарласан тус орны дэд ерөнхийлөгч Николас Мадуро сонгуульд дэвших нь ойлгомжтой. Сөрөг хүчний нэр дэвшигч нь сүүлийн сонгуулиар Чавест ялагдсан Энрике Каприлес Радонски байх болов уу.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Чавесийн найз бөгөөд Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа Венесуэлийн дэглэмийн ирээдүйн талаар аргагүй тайлбар өгсөн байв. Reuters агентлагт ярилцлага өгөхдөө тэрээр Чавесийн суудлыг эзлэхэд Мадуро “илүү чадвартай нь” гэсэн байв.
Венесуэлийн шинэ лидерийн үүрэгт тэр таарах хүн гэж Корреа үзэж байна. Би энэ долоо хоногт Мадуротай утсаар ярьсан, ойрын хугацаанд Венесуэлд очих төлөвлөгөөтэй гэв. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн долоо хоногт Каракаст ирсэн ч Чавестай уулзахад хязгаарлалт байснаас тэр Уготай уулзаж чадаагүй ажээ.
«Дараагийнх нь хэн байхаас илүү Чавесийн эрүүл мэнд намайг зовоож байна. Хэрэв тэр үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол дэд ерөнхийлөгч Мадуро түүнийг биелүүлэх чадвартай” гэж Корреа хэлжээ. Эквадорын ерөнхийлөгч үүнийг хэлэхдээ, Венесуэлд засаг шилжих нь ямар ч нөхцөлд ардчилсан байна гэдэгт найдаж буйгаа онцолжээ.