Сүүлийн үед олон нийтийн дунд “Монголд зохиолч алга.
Юм хийхгүй, хааяа рекламанд тоглосон шиг өдөр хоногийг өнгөрөөх хуучцуул, хийж гавьсан юмгүй нэр төдий цөөн хэдэн дунд үеийнхэн, тэдний араас өөрсдийгөө яруу найрагч гэж өргөмжилсөн, ёстой нөгөө “бяруу болоогүй байж…” гэдэг шиг цээж хаялсан залуус гарч ирснээс цаашгүй гэж яригдах болсон. Хүмүүс яагаад ингэж үзэж байна, үнэхээр зохиолч алга уу, эсвэл уншигчид зохиолчдоо олохгүй байна уу, эс бөгөөс өнөөгийн цахим орчинд үгийн урлагийн “амьд” бүтээлийн хэрэг огт байхгүй болоо юу гэх зэрэг олон асуулт урган гарч ирж буй юм. Үүнд хариу олохоор Монголын Утга зохиол судлалын төвийн хийгээд Төрт Ёс, Хаадын сангийн тэргүүн, утга зохиол судлаач Д.Гүн-Үйлстэй уулзаж ярилцсан юм.
-Хүмүүс зохиолч хайгаад байна.Монгол зохиолчгүй болчихов уу?
-Идэвхтэй уншигч зохиолчоо өөрөө олдог. Монгол зохиолчгүй болчихлоо гэж ярьж байгаа хүмүүс асуудалд аль өнцгөөс хандаж, ямар хэмжүүр тавьж байна вэ гэдэг сонин.
-Өнгөц харахад зохиолч, яруу найрагч цөөнгүй байдаг ч хийж байгаа юм нь тааруу, хааяа гарсан бүтээл туурвил нь хуучны зохиолчдынх шиг амттай байж чадахгүй, сэтгэлд төдийлөн хүрэхгүй байна гэх болсон. Энэ нь магадгүй Зохиолчдын хороо дорвитой ажилладаггүйгээс болдог байх ч гэсэн яриа байх юм. Энэ тухайд та юу гэж бодож байна?
-Үүнийг зөв дүгнэлт биш гэж бодож байна. 1990-ээд оноос өмнө бол зохиолчдын шинэ бүтээлийг хүмүүс юу ч үлдээлгүй шахам худалдан авч, даяараа л уншдаг байлаа. Тэр хэрээрээ утга зохиолын амт шимтийг илүү мэдэрч, шинэ бүтээлийн талаар яриа хөөрөө өрнүүлж, дүрд нь орох нь холгүй хүлээж авдаг байсан. Өөрөөр хэлбэл бүгд биш юмаа гэхэд ихэнх нь идэвхтэй уншигчид байжээ. Тэгээд ч тэр үед зохиолчдын шинэ номыг өнөөдрийн ойлголтоор бол үнэлэн худалдаж аваад хүчтэй сүлжээгээр тарааж борлуулдаг байсан нь зохиолч, яруу найрагчдад дөхөм байсан хэрэг. Олон талын ийм өөр өөр нөхцөл байдлыг нэг л өнцгөөс харж дүгнэх нь буруу. Тэр үеийн зохиол бүтээлүүд хэллэг сайхантай, социалист реализм гэдэг нэг л хүрээнд ихэнхдээ бичигддэг байсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэр хэлбэртээ ч уншигчид нь дасчихсан байжээ. Харин 1990-ээд оноос хойш оюун санааны эрх чөлөөг тунхаглаж, хэн хүссэн нь дуртай измээрээ бичих болсон болохоор уншигчид тэр болгон хүлээж авахаа больжээ. Зохиолчид маань ч шинэ урсгал чиглэлийг хөгжүүлэх гэж дор бүрнээ хөөрхөн ажилтай суух шиг байна. Ер нь утга зохиолын, аливаа урлагийн шинэ урсгал чиглэл гарч ирэх хоёрхон нөхцөл байдаг. Нэг нь хуучны уламжлал дээрээ тулгуурлах, нөгөө нь үлэмжийн сонин содон авьяастан гарч ирэх. Уншигчдад чамлагдахад хүргэж байгаа өөр нөхцөлүүд ч байна л даа. Тухайлбал ном нь гүйхгүй болохоор урам нь хугарч, бичихээ болих, шинэ зүйлд дасаагүй уншигчдад шүүмжлүүлэх, менежмент хийхгүй байх гэхчлэн. Тийм болохоор таны асуулт хуучны сэтгэлгээнээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл хуучны хандлагаар харж тавьж буй асуулт шиг санагдаж байна. Би Монголын утга зохиол судлалын төвийн тэргүүн, утга зохиол судалдаг хүн. Хийе гэснээ, дуртай юмаа л хийж явна. Түүнээс биш Монголын утга зохиолыг хөгжүүлэх үүргийг би хүлээгээгүй шүү дээ. Ялгаагүй өөр хэн нэгэн зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, ер нь хэн ч бай Монголын утга зохиол, урлагийг хөгжүүлэх үүргээ өндөр хэмжээнд ухамсарлаад бичээд туурвиад байгаа юм байхгүй. Тийм үүргийг бидний хэн нь ч хүлээгээгүй. Миний хувьд энэ төвийг ажиллуулж байгаа нь дуртай зүйлээ хийж, ном бүтээлээр өөрийгөө илэрхийлж, магадгүй түүгээрээ дамжуулж орчлонг таньж байгаа, нөгөө талаар амьдралаа авч яваа л хэрэг. Үүнийг хэн ч зохицуулах ёсгүй. Миний хийж бүтээсэн зүйлс утга зохиол урлагт хэрэгтэй, хөгжилд нь тус дэм болж байгаа бол баярлалгүй яах вэ. Хүчтэй бие хүмүүс, том уран бүтээлчид хэний ч шаардлага, шахалтгүйгээр гарч ирж байж утга зохиолын талбарт, урлагийн салбарт шинэ үзэгдэл болдог болохоос биш хуучных шиг зохион байгуулах тухай ойлголт одоо байхгүй, байх ч учиргүй юм.
-Тэгвэл Зохиолчдын хороо юу хийх ёстой юм бэ?
-Зохиолчдын хороо юу хийх ёстойг би яаж мэдэх вэ. Удирдлагууд нь анх сонгогдохдоо ямар хөтөлбөртэй гарч ирээд бусад гишүүдээрээ дэмжигдсэн юм, түүнийгээ л хийх ёстой байлгүй дээ. Шинээр гарч ирсэн Удирдах зөвлөлийн тийм гишүүн тэгж ажиллах ёстой гэж тодорхой зүйл би ярих гэсэнгүй. Тухайлбал Г.Мөнхцэцэг найрагчийн тухайд хэлэх гэсэнгүй, тэр бол сайн найрагч, зарчмыг нь л өөрийн ойлголтоор хэлж байна. Шинэ удирдлага анх сонгогдохдоо, жишээ нь би “Болор цом” наадмыг жилд нэг удаа хийнэ, байрны түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь авч байна гэсэн тодорхой хөтөлбөр дэвшүүлээд тэр хөтөлбөр нь гишүүн зохиолчдод нь таалагдаад сонгогдсон бол түүнээ л хийх ёстой. Түүнээс биш зохиолчдоо ур чадварын хувьд өсөн дэвжихэд нь анхаарах, номын менежментийг нь баг гарган хийж өгөх, ном хэвлэлд нь санхүүгийн зуучлал дэмжлэг үзүүлэх зэрэг хөтөлбөртөө тусгагдаагүй ажлыг хийх ёсгүй шүү дээ. Ер нь зөвхөн яруу найрагч, зохиолч, уран бүтээлч хандлагатай, араншинтай хүн байгууллага удирдаж чаддаггүй юм шиг байгаа юм. Уран бүтээлч байж бололгүй яахав, гэхдээ гол нь менежер байх ёстой. Менежер менежертээ топ менежер шүү.
-Таны анзаарч байгаагаар уншигчид ер нь өөрчлөгдөж байна уу?
-Бид статистик судалгаа хийдэг. Зөвхөн утга зохиолын ном уншигчид гэхээсээ нийт ном уншигч, хэрэглэгчдийн тухайд яримаар байна. Нэлээд хэдэн жилийн өмнө гадаад хэлний ч юм уу, мэргэжлийн ном их гүйдэг байлаа. Түүнээс хоёр жил наашлаад ирэхэд менежментийн чиглэлийн ном борлуулагдаж эхэлсэн. Яаж амжилтад хүрэх тухай бичсэн номууд эрэлттэй байлаа. Харин түүнээс наашлаад эхлэхэд хүмүүс утга зохиол хийгээд далд ухамсрын тухай бичсэн бүтээлүүдийг ихээр унших болсон. Уншигчдын сэтгэлзүй өөрчлөгдөөд байгаа биз.
-Жинхэнэ зохиолчид гэж хэн бэ?
-Би нэг залуу зохиолчийн яриаг сонсч байсан юм. Оросын нэг зохиолч 200-гаад сая уншигчтай юм байна, харин би хоёр сая уншигчтай гэж хэлж байсан. Үнэндээ бол тийм биш. Манайд хэчнээн мундаг зохиолч 500-1000 ном л хэвлүүлж байна шүү дээ. Энэ нь тэгээд жил тойрч, бараг хоёр жил болж байж борлогддог. Заримдаа борлогдохгүй, үлдэнэ. Тэгэхээр манай ямар ч зохиолч хоёр сая уншигчтай байж таарахгүй байгаа биз. Нийгмийн их цөөн тоотой, цаад утгаараа энэ нийгмийг авч явдаг маш цөөхөн хэсэг хүн байдаг. Тэд өнөөдөр Монголын амьдралыг нуруун дээрээ авч явна. Тоолбол 100-гаад мянгаас бараг хэтрэхгүй дээ. Энэ нөхцөлд тэр зохиолч яаж хоёр сая уншигчтай байх юм. Хүн ам гурван сая дөнгөж дөхөж байна шүү дээ. 2016 оноос манайх хүүхдийн эх орон болно. Энэ тухай ЮНЕСКО-гоос зарлана гэж байгаа юм билээ. Хүн амын 50-иас дээш хувь нь 18-аас доош насны хүмүүс болоод ирэх нь байна. Нийгмийн үлэмж хэсэг нь өтгөс буурлууд. Бусад хэсэг нь нийгмийн халамж шаардлагатай хүмүүс. Бас оюун ухааны хувьд эрүүл биш хүмүүс ч нийгэмд багагүй хувь эзлэх болсон. Тэгэхээр яг нийгмийг авч явах нь их цөөн хүн байдаг.
-Тэгэхээр та бүхэн энэ цөөн хүнд зохиол бүтээлээ зориулж байна уу?
-Үгүй дээ, яалаа гэж. Ард түмнээ ялгаварладаг хүмүүс нь зохиолчид биш. Өөр салбарын хүмүүс л тийм байдаг байх. 500 хувь ном гэхэд л тийм удаан борлогддог, нийгмийг авч явдаг, түүх соёлоо эрхэмлэдэг хүмүүсийн төлөөлөл авдаг гэдгийг л хэлэх гээд байна. Номынх нь борлуулалт муу байгаад зохиолчид өөрсдөө бас буруутай л даа. Буруутай гэдэг нь ёс суртахууны алдаа биш, менежментээ хийж чадахгүй байна гэсэн үг. Зохиолчид бүтээлээ хүнд уншуулахын тулд өөрийгөө таниулах ёстой. Би ийм бүтээл туурвилаа, та нар авч уншаарай гэж мэдээлж, сурталчлах ёстой. Надтай санал солилцооч, магадгүй би төөрөлдөж явж магадгүй, тийм бол та нараасаа мэдмээр байна. Ард түмэн та нараас өөр надад асуух хүн байхгүй. Би зөв замд явна уу, эсвэл буруу зам дээр явна уу, миний чигийг гаргаж өгөөч гэж асуух хэрэгтэй. Яг ийм үгээр хэлэхгүй ч, ийм ойлголтыг ард түмэндээ өгөх ёстой. Монголчууд их сонин, элэгсэг ард түмэн. Бусдын зовлонг ойлгодог, хүнд туслахыг хүсдэг. Энэ бүхнийг тооцсон менежмент хийх ёстой. Зүгээр л зах зээлийн сурталчилгаа хийж ч болно.
-Гэтэл зохиолчид төдийлөн тэгж ажилладаггүй байх нь ээ?
-Ер нь сурталчилгаа хийдэг зохиолч ховор. Харин манай Утга зохиол судлалын төв тэр талд идэвхтэй ажилладаг. Зохиолчдынхоо бүтээлийг чадах ядахаараа сурталчилдаг.
-Тэгэхээр уншигч өөрөө зохиолчоо хайж олох нь байна, тийм үү?
-Менежмент сайтай зохиолчид яваандаа уншигчтай болдог л доо. Ер нь сайн зохиолч ховор төрдөг. Авьяас билгийн цараагаар ч тэр, магадлалын онолоор ч тэр. Өнөөдөр олон яруу найрагч байгаа ч юм шиг харагдаад байж магадгүй. Адуу дуурайж илжиг янцгаана гэдэг шиг чадахгүй байж бичдэг хүн болж харагдах гэсэн хүн олон болсноос өнөөдөр төөрөгдөл үүсгэж байна. Энэ нь утга зохиол гэдэг чинь ийм амархан, хялбархан юм байдаг юм уу гэсэн бодлыг нийгэмд төрүүлэхийн зэрэгцээ номын нэр хүндийг унагадаг.
-Энэ бүх ярианы эцэст гаргасан зохиол, ном болгоныг нь аваад шимтэж уншаад байх зохиолч алга байна гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу?
-Ямар хэмжүүрээр ингэж хэлж, дүгнэж байна вэ гэдэг ойлгомжгүй байна л даа. Идэвхтэй, чин хүсэлтэй уншигч зохиолчоо өөрөө олдог. Амьдрал гэдэг жоргүй. Тодорхой зүйл хаана ч байдаггүй. Энэ нь өөрөө амьдралыг сонирхолтой болгодог шүү дээ. Ямар нэгэн дүрэм журам мөрдөөд л, түүнийхээ дагуу бүхнийг хийгээд л, утга зохиолыг мэдчихдэг бол тун сонирхолгүй байх биз.
-Танай “Төрт ёс, хаадын сан”-гаас түүхэн тууж бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “Хаан цадиг” нэртэй ном болгожээ. Энэ шилдэг бүтээлийн эздийг та жинхэнэ зохиолчид гэж хэлж чадах уу?
-Хүн бүхэн өөрийн гэсэн хэмжүүртэй. Өнөөдөр зарим нь “Хунт нуур” үзэх дуртай, зарим нь хошин шог үзэх хүсэлтэй. Тэглээ гээд бидний хэн нь ч тэднийг буруутгах ёсгүй. Зарим зохиолч “Минийх бол “тасархай” зохиол, үүнийг та нар одоо ойлгохгүй, зуун жилийн дараа мэндлэх соёлт уншигчид ойлгоно” ч гэх шиг маанаг юм яриад байдаг. Тэгж болохгүй шүү дээ. Үнэхээр энэ цаг үед зохиол бүтээлийг нь ойлгох нэг ч хүн байхгүй бол тэр ганцаараа арилсан орноос ирсэн болж таарах нь. Тэгж ярьж боломгүй санагдаад байгаа юм. “Хаан цадиг” номын тухайд бол манайхаас түүхэн сэдэвт туужийн уралдаан зарласан юм л даа. 20-иод зохиолч бүтээлээ ирүүлснээс шалгаруулж авсан.Түүхэн сэдэвт зохиолын сан хөмрөгийг баяжуулах, зохиолчдоо дэмжих, утга зохиолын үнэлэмжийг өсгөх, түүхийг утга зохиолоор дамжуулж ойлгуулах зорилготой. Уралдаан зарлахад оролцохыг хүссэн бараг бүх л хүн “Та нар Зохиолчдын хороотой хамтарч байгаа юу. Хэрвээ тийм бол дэмий юм даа. Тэднийх бол найзан дундаа явуулж, найран дундаа шалгаруулна шүү дээ” гэж хэлж байсан. Төрт ёс, хаадын сан дангаараа шалгаруулна, шударга шүүнэ гэж мэдэгдэхэд зохиолчид маань бүтээлүүдээ ирүүлж эхэлсэн. Уншиж, шүүх явцад бидний ч сайн мэдэхгүй зохиолчид бүтээл ирүүлсэн байсан. Эхний гурван байранд орсон хүмүүсийн тухай ярьж байна л даа.Я лангуяа хоёрдугаар байранд орсон зохиолчийг бид огт мэддэггүй байсан. С.Пүрэв, До.Цэнджав, С.Оюун гуай нар бол том зохиолчид шүү дээ. Зохиол бичээд сурчихсан, утга зохиолоо ойлгодог, логик сэтгэлгээ сайтай, хэллэг сайхантай хүмүүс.
-Зохиолчид үеийн үед ууж иддэг хүмүүс байсан. Одоо хэр тэр уламжлал тасраагүй байх шиг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Би олон орны зохиолчдыг мэднэ. Олон улсад нэр хүндтэй, Пулитцерийн шагналтай зохиолчтой ч уулзаж байлаа. Уух үзэгдэл Орос, Монгол хоёрт нийтлэг. Хятад, Өвөр Монголд хатуу идээнээс бас буцахгүй ч манайх шиг биш. Ууж сэтгэлээ хөглөж, хөөргөдөг талаас нь яриад байна л даа. Мэдээж тэдний авьяасын хэмжүүр, амьдралд хандах хандлага өөр. Гэхдээ дандаа ийм байхгүй байлгүй дээ. Монголын хувьд хаа сайгүй л ууж байна. Төрийн байгууллагынхан ч уудаг. Зөвхөн зохиолчдод архи дарсыг нялзааж болохгүй. Зохиолчид маш их мэдрэмтгий улс. Бусад хүнээс сайхан сэтгэлийг шаарддаг. Өөрөө хүнд сайхан сэтгэл гаргадаг, тэр хэмжээгээрээ бусдаас сайхан сэтгэлийг хүсдэг хүмүүс байдаг. Бусдаас тэр мэт хариу ирэхгүй болохоор гомддог, урам хугардаг тийм л сонин улс. Уран бүтээлч хүний зүрх сэтгэл өөр шүү дээ. Гэхдээ уухыг үндсэн ажлаа болгоод чөлөөт цагт нь бүтээлээ туурвихыг яаж сайшааж болох вэ.
-Бичдэг болгоныг зохиолч гэх үү. Эсвэл авьяастай, бичдэгийг нь үү. Энэ цаг үеийн том туурвигчдын талаар юу хэлэх вэ?
-Бичдэг болгоныг юу гэж зохиолч гэх вэ. Бичих хүсэлтэй, туурвих авьяастай хүлээн зөвшөөрөгдсөнийг нь л зохиолч гэх байх. Асгарсан их авьяастай Болдхуяг, Ганзул, Нямлхагва гээд мундаг залуус хойшид бусад залуусаа дагуулах биз ээ. Тэд бол манай үеийн оройн чимэг шүү дээ. О.Дашбалбар, Д.Нямсүрэн гээд том яруу найрагчидтай нэгэн үед амьдарч байснаараа би бахархдаг. Энэ цагийн агуу их сэтгэгч яруу найрагч Д.Урианхайтай ах дүү мэт дотно яваадаа омогшдог. Энэ хэдхэн зохиолч, яруу найрагч л гэхэд утга зохиолын бүхэл бүтэн үеийг дангаараа төлөөлж чадна.
-Танай сангаас цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил юу байна?
-Манай төрт ёс, хаадын сан, Утга зохиол судлалын төв гэсэн хоёр байгууллага бол судалгаа уран бүтээлийн байгууллага. Хамтраад хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Юуны өмнө энэ жилээс “Түүх соёлоо дээдлэгч Монголын есэн эрхэм”-ийг тодруулж эхэлнэ. Түүхээ сурталчилдаг, түгээн дэлгэрүүлдэг хүмүүс дундаас шалгаруулна. Түүх соёлоо дээдлэгч эрхмүүдийг шалгаруулах болзол, шалгуур удахгүй бэлэн болно. Наадам гэхэд тодруулчих болов уу. Түүхээ мэднэ гэдэг бол хаашаа явж байгаагаа мэдэхийн учир. Бид ер нь юу бүтээх чадвартай юм бэ гэдгээ мэдэх нэг том үндэс нь түүхээ мэддэг байх. Нэгэнт биелсэн зүйл хойшид биелэх зүйлийн баталгаа байдаг. Бидний хийх гэж байгаа бас нэг том асуудал гэвэл хаадын дүртэй медальон хийх санаа байна. Дэлхийн том том улсууд хаадынхаа дүртэй медальон хийчихсэн байдаг л даа. Хаангүй улс гэж байсан биш. Тэгэхээр дэлхийн талыг эзэлж, хөлгөн их улсыг байгуулж явсан их хаадын дүр өнөөдөр медальон дээр тодроогүй байгаа нь зовмоор юм. Энэ үүргийг Төрт ёс, хаадын сан, “Уушгийн агуй” ХХК-ийн хамт өөртөө хүлээж, төслийн хэмжээнд хийх бодолтой байгаа. Мөн “Монголын үнэт өв соёл” гэсэн том хэмжээний альбомууд хийх төлөвлөгөө бас буй. Хугацаа их шаардана. Утга зохиол судлалын төвийн ажлын хүрээнд хүүхдийн дууны уралдаан зохион байгуулахаас эхлээд олон ажил байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин