Орон нутгийн удирдлагууд суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагууд суралцаж байна

Засгийн газраас орон нутгийн удирдлагуудад зориулан явуулж буй сургалт Төрийн оронд өнөөдөр эхэллээ. Засгийн газрын бүх сайд нар энэхүү сургалтад оролцож, өөр өөрсдийн хариуцсан салбартай холбоотой мэдээллийг аймаг, сумдын Засаг дарга нар болон ИТХ-ын төлөөлөгчдөд өгч байгаа юм. Сургалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, үг хэллээ.

Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан бүтээн байгуулалтын ажил өрнөдөг уламжлалтай. 2012 оны байдлаар 2947 км хатуу хучилттай авто зам барьж, есөн аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогджээ. Сүүлийн дөрвөн жилд 724 тэрбум төгрөгийг авто замын салбарт зарцуулж, хатуу хучилттай 1670 км зам барьсөн гэх мэдээллийг энэ үеэр өглөө. Шинэчлэлийн  Засгийн газар бусад 12 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн бөгөөд 2013-2016 он хүртэлх төлөвлөгөө гаргаж,  2013 онд нийт зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор бэлтгэл ажлаа эхлүүслнийг Зам тээврийн сайд А.Гансүх танилцуулав. Мөн тэрээр авто зам, иргэний нисэх, төмөр зам зэрэг салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн бөгөөд МИАТ компанийг Үндэсний агаарын тээвэрлэгч компани статустай болгосноо онцлон тэмдэглэсэн юм.

Үүний дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сургалтад оролцогчдод мэдээлэл хийлээ. Тэрбээр үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 83 зорилт тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, хүнд үйлдвэрийн салбарт зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалыг дотооддоо үйлдвэрлэх, боловсруулах чиглэлээр “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхийн төмөрлөгийн цогцолбор байгуулах зэрэг ажлуудад онцгой ач холбогдол өгч байгаагаа тодотгов. Цаашид хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа ч тэрбээр танилцуулж байлаа. 

Орон нутгийн удирдлагуудын сургалт хэсэг хугацаанд завсарлаж, бусад салбарын сайд нарын мэдээллээр үргэлжлэх юм байна.

Ш.ЧИМЭГ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж