Манай урлангаар ийм нэртэй охин, хүү хоёр хөөцөлдөн, хэлхэлдэн явах нь нүднээ үргэлж тусна. Гэхдээ аав, охин хоёр л доо. Дархчуулын өрөөний өөдөөс харсан өрөөнд Гэрэл зураачийн урлан байх. Тэнд хааяа орох сонин… Өрөөнд ороход заримдаа хоёр Гэрэл байх шиг санагдана. Томоос том гоёмсог толинд Гэрэл, бас түүний зургаа зурж буй дүрс тодрон харагдахад хааяа, энэ хүн ихэр билүү гэх зурвас бодол төрнө. Энэ толийг хаа холын Голланд орноос чирж иржээ гэж би боддог байв. Сүүлд, өөрөө хийснийг нь дуулсан. Мөн өвлийн хүйтэн өдөр урланд нь ороход пүн хийсэн дулаан, задгай зууханд нь гал дүрэлзэн байхыг хараад нэг удаа би, “Хүүе ээ, ханаа цоолоод цааш нь яндан гаргачихаа юу” гэж дуу алдсан, бас хууртсанаа удалгүй мэдсэн. Мөн үе үе өрөөнөөс нь сонгодог хөгжим хангинана. Тэр аялгуу дархчуулын алх, дөшний дуутай хослон, нэгэн сонин хөг эгшгээр сэтгэл мялаана. Төгөлдөр хуурын ард бяцхан Гэрэлтзул их л төлөв төвшин, хөгжмөө тоглон удаан сууна. Энэ бяцхан төгөлдөр хуурч, Гэрэлийн амин хайр, алтнаас ч үнэтэй амьд эрдэнэ нь билээ. Маш хурц ааштай, энд тэнд гүйж, үсэрч харайсан охин. Яльгүй жаахан маргаанаас үүдэн аавыгаа орхин байшин тойрон гүйж, зугтан одно. Удалгүй бүхнийг мартчихсан, инээд алдан эргэн ирэх алдрайхан нэгэн… Түүний хөгжмийн эгшигт уяран диван дээрээ хагас хэвтэн буй Гэрэлийг харахад түүн шиг жаргалтай хүн энэ хорвоод үгүй мэт ээ…
Өөрийн оёсон, гоё хээтэй, тансаг бүтээлгэн дээрээ тэр хаан лугаа харагдана. Охины омголон аашийг хөгжмөөр аажимхан номхруулан зөөлрүүлэхээ тэр андахгүй. Гэрэл Голландад олон жил болоод эх орондоо эргэн ирж нэлээд хэдэн жилийг үдэж ээ. Ирснийхээ дараахан Гачууртын урд уулаар явахдаа Гэрэл , хойт энгэр нь дан хожуул болсныг хараад ихэд харамсан байх тэр мөчид, эдгээр хожуулыг туулайн бүжин болгох санаа түүнд төрж “Гэрэлтзул” төслөө эхэлж байсан цаг саяхан.
Одоо аль хэдийнэ зургаан зуу гаруй бүжинтэй болжээ. Зураач нөхөд нь түүний төсөлд оролцон өнжин хонон, ууланд очиж бүжин урлана. Туул голын эрэг дээр, модон дунд нэгэн том казах гэр барьчихна. Бид очихоороо сайхан тухалж амран, гол гаталж уул руу авиран хожуулаа амь оруулан өөрийн туулайгаа төрүүлнэ. Надад бол тийм амар байгаагүй, амьдралдаа анх удаа сийлбэрийн багаж барин, бараг өдөржин сууж хөөрхөн бүжин хийх гэж суух…Гэхдээ бүлтийсэн амьтан, орой нар жаргах үед над руу харан, бас араас ширтэн үлдсэн. Цаашдаа бүжингүүд хэдэн мянга болно, яагаад гэвэл үй түмэн хожуул тэнд бий.
Гэрэл анх өдөн наамлын урлагийг Монголд хөгжүүлэх гэж МУЭ–ийн гар урлалын үйлдвэрт өдөн наамлын тасаг байгуулан удирдан ажиллаж байсан үеэс нь би түүнийг мэднэ. Содгэрэл гэдэг зураач гэргийтэй, Тэлмэн гэдэг хөөрхөн хүүтэй байсан. Содоо дүрслэх урлагийн сургуулийн керамикийн ангид сурч байхдаа манайд ирэн, миний бага хүү Үнэнчийг тэврэн салхинд авч гардаг охин байсан. Одоо Голландад амьдран суугаа. Гэрэл Голландад сурахаар одож Содоо хүүгээ хөтлөн араас нь нэг л өдөр “Явлаа” гээд надтай ирж уулзсанаас хойш хориод жил улиран оджээ. Энэ он жилүүдэд эдний амьдрал хувьсан өөрлөгдсөн. Өд шиг хөнгөн зөөлөн амьдралаас хад чулуу, бартаа ихтэй хүнд замыг Гэрэл туулсаар өнөөг хүрсэн. Ид туурвин бүтээх үед нь аюулт өвчин түүнийг нөмрөн авсан. Үхэл түүний өөдөөс нүд салгахгүй ширтэн байх мөчид тэр төрсөн гэртээ, эх орондоо эргэн ирж ээж, аавтайгаа уулзан учирсан. Гучин хоёрхон кило болсон түүнийг харсан ээж, аав нь “Чи эцэг эхээ байхад үхэх ёсгүй” гэдэг хатуухан үгийг түүнд хэлсэн. Ээжийнх нь энэ л үгнээс айн дальдирсан мэт, үхэл түүнээс нүүр буруулан зугтсан биз ээ. Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Эрдэнэ-Очир түүний хавдрыг ул мөргүй эмчлэн хөл дээр нь босгосон ачтан билээ.
Хоёрхон сарын настай, юу дуртайгаа энэ хугацаанд хийгээд, аажимхан энэ амьдралтайгаа салах ёс хий дээ гэсэн Голланд эмч нар руугаа эрүүл саруул болоод эргэж очин нүдийг нь орой дээр нь гаргасан хүн тэр билээ. Өөрөө ч бараг үхэлтэй эвлэрэн, охиныхоо ээжийг, цаашдын амьдралаа бод доо гээд явуулж байсан өдөр түүнд байсан. Харин бурхан түүнийг бас л хайрласан уу, Ариунтуяа хэмээх сайхан сэтгэлт шавь охин түүн рүү ирж, хүнд өдрүүдэд нь хайрлан асарч, Гэрэлтзул охинд нь эхийн сэтгэлээр хандсан сайхан жилүүд ч бас түүнийх. Таван жил асарсан тэр охин, бурхан хоёрт тэр үргэлж талархаж явдаг байх. Түүнд үхэх эрх байхгүй. 2040 онд тэр 80 нас хүрнэ, Гэрэлтзул охин нь 35-тай байна. Би тэдний ямархуу хүмүүс болсон байхыг сайн мэднэ. Тэр үеийг Гэрэл өөрийн уран зургаар бидний нүдний өмнө авчирсан юм. Мөн Гэрэлтзулын сайхан бүсгүй болсон байгаа үеийн хөргийг би харсан. Сайхан , царайлаг, ухаантай, бас аавдаа хайртай бүсгүй болсон байх болов уу. Төгөлдөр хуур сайхан тоглодог, гэхдээ зураач болсон байна аа, чи. Аав нь охиныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ, хөгжмийн боловсролтой Зулаад, дүрслэх урлагт аавын адил ул мөрөө үлдээх л үлдэж. Зураач Гэрэл уран бүтээлийн урт харгуйг туулан явна. Тусгаар тогтнолын зуун жилийн ойд зориулсан “Соёмбо” хөшөөний эх загвараа хийсэн. Соёмбонд дутуу байсан дөрвөлжин дүрсийг тэр нэмж хийсэн байна билээ. Хөшөө удахгүй Өвөрхангайн Есөн-Зүйл суманд сүндэрлэнэ. Түүний бүтээлийн сэдвийг холоос эрэхийн хэрэггүй. Өөрийн хүрээлэн байгаа орчинг тэр урлаг болгон амилуулдаг нэгэн. Түүний туйлын зорилго нь бусдын хийснийг давтан, дуурайх биш, харин Гэрэлийн сэрэл, мэдрэмжийг урлаг болгон үлдээх… Үхэл амьдралын зааг дээр, эмчийн мэс ажилбар хийж буй мөчийг ч тэр урлаг болгосон. Үүнийг түүний бүтээлүүдээс олон удаа харж билээ. Зохиолч Б.Туяа эгчийн цуглуулганд түүний дөрвөн нүдтэй, Чингис хааны хөрөг чухал байрыг эзлэн, шүтээн нь болсон байна билээ. “Цагаандариум” арт галерейд ч, “Элбэг” арт галерейд ч , өөрийн эх орон, хилийн чанадад ч түүний бүтээл өөр өөрийн эзнээ олон зохих байраа эзэлжээ. Голландын уран зургийн академид зураасан зураг, бар зургийн бүх төрөл, номын чимэглэл зургийн ангид сурч байгаад дөрөвдүгээр курсээсээ тэр уран зураг, баримлын ангид шилжин суралцаж, дипломын ажлаараа Адри Пик–ийн нэрэмжит шагналын эзэн болж 5000 евро гардаж байсан юм. Оюутан ахуйн бүтээлээс нь ганц “Өөрийн хөрөг” нь түүнд үлдсэн. Бусдыг багш нар нь болон цуглуулагчид худалдан авч оджээ. Гэрэл цагаа олж төрсөн уран бүтээлч юм. Түүнийг хүмүүс Монголын Ван Гог, Христ, Казак гэж янз бүрээр нэрлэх нь сонсогдовч тэр Гэрэл гэдэг нэрэндээ л хайртай. Түүний сурч, амьдран байсан Голландад алдарт зураач Ван Гог бас төрсөн билээ. Даанч түүний амьдран байх үед нийгэм нь дэндүү ядуу, мөнгөтэй хэсэг нь даанч уран зураг ойлгох оюуны чадваргүй, харанхуй үе таарсан байдаг. Харин Пикассогийн үед хүмүүсийн оюун ухаанд өөрчлөлт орж сэхээрч, гэгээрэл рүү тэмүүлсэн үе байв. Өөрөө ч сайн бизнесмен байжээ. Уран бүтээлч хүнд хувь тавилан өөр өөр цаг үеийг бэлтгэдэг ажээ. Бид түүний сүүлийн үед гаргаж байгаа олон үзэсгэлэнгээс эрс, тэс санаа оноо, гаргалгааг харж байна. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2004 онд, “Далд ертөнц -1” үзэсгэлэнгээ 2007, “ Далд ертөнц-2” үзэсгэлэнгээ 2012 онд тус тус гаргаж ээ. Түүний олон бүтээл давтагдашгүй, сонин, содон увдисаараа бусдыг татдаг. “Тамга”,”Харваач”, “ Тэнгэрт очиж сэрье”, “ Зүүд” ,”Морфин“ зэрэг урлагийн бүх төрлөөр хийсэн бүтээлүүд нь олны сэтгэлд хоногшин үлджээ. Уран бүтээлч Б.Чингүүний “Гэрэл” болон “ Ширгээх ёсон”, “Гэрэлийн хөрөг” зэрэг богино хэмжээний кинонуудаас түүний мөн чанар, уран бүтээлдээ хандах дотоод сэтгэлийг харах нь заримдаа их сонин, түүнийг ахин шинээр нээх шиг мэдрэмж надад төрдөг юм. Заримдаа надад ойлгомжгүй, алгебрийн томъёо түүний уран зураг, бүтээлүүдэд зөндөө тааралддаг юм. Түүнийхээр энэ амьдрал, тооны шинжлэх ухаан бололтой, харин хариултыг хүн төрөлхтөн төгс оюун ухаанаараа гаргах ёстой юм шиг байна. Тэр бас сонгодог аргаар бүтээлээ хийдэг. Ялангуяа хөрөг зургуудаас энэ нь илт ажиглагддаг. Гэхдээ түүнийг орчин үе рүү, өөр рүүгээ чиглүүлэн, зөвхөн Гэрэлийнх л байх урлагийг бүтээдэг чанар түүнд бий. Саяхан гаргасан үзэсгэлэн дээрээ өөрийн “Цус”-аараа хөргөө бүтээсэн байсан. Ээ бурхан минь. Цусаар ч зураг зурж болдог байх нээ. Өөрийнх нь цус юм чинь жинхнээсээ л Гэрэлийн хөрөг дөө гэж бодогдсон. Энэ л зөвхөн түүний гаргалгаа, тэр л ингэж зурж чадах байжээ… цусаар…
Түүний өрөөнд нэг хуучин морин хуур бий. Багаар бодоход зуун нас хүрээ болов уу. Саяхан уг хуурын ард, Гэрэлийн эгц урдаас нь, мөн хажуугаас нь харсан хөрөг, бас тоонуудтай нэгэн зураг нэмэгдсэн байв. Ямар учиртайг асуухад, эртээд халамцуу жолоо бариад журамлагдаад торны цаана оров оо. Гутарсан гэж.. .
Дараа нь бас ээж үглэж, загнасныг яана гээч… Үүний дараа ариусах санаатай тугалга хайлж,” Ширгэлгэ “ хийвэ э. Олон ч янзын дүрс гарлаа, надаас огт хамааралгүй, сайхан бүтээлүүд төрлөө. Сайн хүн байж, сайхан бүтээл төрөн гарах ёстой ажээ. Бас өөрийн дотоод сэтгэлээ ариусгах ёстой гэнэ. Энэ бас л түүний нэг гаргалгаа, хариулт ажээ. Түүний бүтээлүүдийн талаар зөндөө ихийг өгүүлж болно. Гэхдээ үзэгчид аль хэдийнэ бүгдийг үзээд, хараад, зарим нь бүр өөрийнх болгочихсон байгаа. Гадаа идэр ес тачигнаж байна. Урлангийн хонгилд би бяцхан Гэрэлтзултай тааралдав. Сайн уу, аав нь юу хийж байна” гэхэд “Баганаа ахын өрөөнд байгаа, гэхдээ архи уугаагүй… ээ гэж хэлэн цааш гүйн одов. Гэрэлийн “Алтан эрдэнэ”, аавтайгаа урлагийн ертөнцөд хамтдаа оршин, бүтээсээр явааг харах надад үнэхээр сайхан байдаг юм даа.
Цэнхэр урлан.