&#34Амьдрал хайр дээр л тогтдог байхгүй юу&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

&#34Амьдрал хайр дээр л тогтдог байхгүй юу&#34

“…Нар жаргах цагаар

Чи намайг дуудаач…” гэдэг орос дууны аялгуу сүүлийн хэд хоног хаа сайгүй уянгалах болов. Энэ дуу “Мөрөөдлийн театр”-ынхны шинэ уран бүтээл “Тэр чинь би” шоу драмынх нь нэг хэсэг юм байна. “Клип нь гарсан даруйдаа л залуусыг байлдан дагуулаад байгаа нь үг аялгуу зохицсоны дээр, хайр сэтгэл, хүн чанарыг мөнгөнөөс эрхэм гэдгийг тунхагласнаараа байх” хэмээн тус театрын захирал Г.Алтаншагай хэлж байна. Ингээд түүнтэй энэ дууны талаар ярилцлаа.

-Уг дууны үг, аяыг хэн бүтээсэн бэ?

-Бид Оросын алдарт “Любе” хамтлагийн дууг орчуулж дуулсан юм. Ирэх сарын 5-наас тоглох “Тэр чинь би” шоу драм-ын дуу. Хөгжмийн найруулгыг нь хөгжмийн зохиолч, продюссер Ганг хийсэн. Жүжгээ орос зохиолоос сэдэвлэсэн болохоор Оросын алдартай хамтлагийн дууг дуулсан юм.

-Энэ танай театрынхны хийсэн дууны уран бүтээлийн хэд дэх нь  билээ?

-Дөрөв дэх нь болж байна.

-Клипний зургийг хаана авав. Орос ахуйг харуулсан хөөрхөн клип болсон байсан?

-Зүүнхараад. “Black Zebra” студийн Базараа зургийг нь авсан юм. Орос тосгоны ахуй байдал, хувцаслалт зэргийг харуулах гэж хэрдээ хөөрхөн судалгаа хийсэн шүү.  Хувцаслалт, цаана нь харагдах объект гээд олон зүйлийг бодсон. Орос стиль, агууламж, өнгө төрхийг хэрхэн харуулахаа маш их бодож, төлөвлөж байж хийсэн.

-Мэргэжлийн дуучид биш болохоор хоолойны бичлэг хийхэд хүндрэл гардаг уу?

-Хоолойны бичлэгт орохын өмнө фонограммаа бичүүлээд удаан хугацаанд бэлгэдэг. Сайн бэлтгэж байгаад хоолойны бичлэгт ордог учраас хүндрэл бага гардаг л даа. Хөгжмийг нь зохиосон Ганг маань дуучин хүн учраас биднийг хоолойны бичлэгт ороход их зөвлөсөн.

-Та бүхний энэ дуу сүүлийн үед хит болж байна?

-Баярлалаа. Манай “Мөрөөдлийн театр”-ныхан хит бүтээл туурвихад биш сайн уран бүтээл бүтээхийг зорьдог. Нөгөөтэйгүүр хийсэн уран бүтээлээ хүмүүсийн хүртээл болгохын тулд сайн ажиллах хэрэгтэй гэж боддог юм. 

-Ер нь энэ дуугаар нийгэмд ямар үнэ цэнэтэй зүйл өгөхийг зорив?

-Жүжгийн зохиолын гол санаа нь амьдрал мөнгөн дээр тогтдог уу, хайр дээр тогтдог уу гэдгийг харуулах. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэл, хүнлэг чанар гэдэг мөнгөнөөс эрхэм зүйл гэдгийг харуулахыг зорьж байгаа юм. “Тэр чинь би” гэдэг нь “хайрлах ёстой хүн чинь би юм шүү” гэдгийг л илэрхийлж байгаа юм.

Ч.БАТМАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж