Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах, иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэх зорилгоор хүн амын эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш бөгөөд иргэн таны оролцоо хамгийн чухал, та өөрийн эрүүл мэндээ хамгаалах талаар юу хийж чадах вэ, бусад салбар иргэдийн эрүүл мэндэд ямар оролцоотой вэ, хороо, дүүргийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хэрхэн оролцох талаар нээлттэй хэлэлцлээ.
Сайд хэлэлцүүлгийн үеэр цаашид хийх арга хэмжээнийхээ талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, Иргэний үндэсний чуулганыг зохион байгуулж “Эрүүл зан үйлийн стратеги”-ийг хэлэлцүүлж батлуулах, IDOCTOR.MN эрүүл мэндийн мэдээллийн сайтыг ажиллуулж эхлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх утсыг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр ажиллуулж эхлэх, гэр бүлийн эрүүл мэндийн гарын авлагыг боловсруулж иргэдэд хүргэх зэрэг ажлуудыг хэлж байв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ярианыхаа эхэнд улс орны баялаг нь уул уурхай, алт мөнгө, ашигт малтмал гэхээс илүү эрүүл иргэн гэдгийг хэлээд дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажил, хөдөлмөрийн талаар танилцууллаа. 2009-2012 онд дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 3,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, материаллаг баазаа нэмэгдүүлсэн зэрэг олон бүтээлч ажил хийгдсэнийг дуулгаад үр дүн гарч байна. Тухайлбал, дундаж наслалт 4-өөр нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 дахин буурсан, халдварт өвчнийг эрт илрүүлэх тогтолцоо бүрдсэн зэрэг таатай мэдээллийг хүргэсэн юм.
Иргэдийн зүгээс Сайд болон Засаг даргадаа уулзалт зохион байгуулж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд олон санал, санаачлагуудыг хэлж байсны ихэнх нь Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой байсан юм. Тухайлбал, ӨЭМТ-ийн байрыг томосгох, машинтай болгох, цус болон шээсний шинжилгээ хийчихдэг тоног төхөөрөмжтэй болгох зэрэг байв. Түүнчлэн иргэдийг дасгал хөдөлгөөн хийлгэдэг байх, гудамжны хог хаягдлыг багасгах, тодорхой хугацаанд тогтмол бүрэн шинжилгээ өгдөг болох, хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нэмэгдүүлэх, гадаадад эмчлүүлэхэд тусламж авах зэрэг хүсэлтийг гаргаж байв.
Цаашид энэхүү эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн санал бодол, судалгааны үр дүнд суурилж Иргэний эрүүл мэндийн эрхийг хангах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар тусгай стратеги боловсруулах аж.