Тэдгээр нь архины үйлдвэр, эмийн наймаа хоёр гэж аливаа юмны зах зухыг нарийн гадарлах нэгэн өгүүлж байна. Тэр ч битгий хэл энэ хоёр нь бие биеэ дэмжин нөхцөлдүүлж байдаг тухай тэр тодотгосон юм. Нийгэм ядуурах нэг шалтгаан нь архины хэтэрсэн хэрэглээ. Үүнийг дагасан эрүүл мэндийн доройтол, ядуурал нь эмийн бизнесээ эргээд идэвхтэйгээр нөхцөлдүүлж байгаа аж. Эмийг монголчууд эгээ л хоол шиг хэрэглэдэг болсон.
Энэ бол монголчуудын амьдралын олон өнгө будгийн нэг хэсэг. Байнгын эрэлттэй байгаа хэрэглээ нь эргээд хуурамч эмийн арилжааг дэмжиж байна. Өнөөдөр Монголын зах зээл дээр борлуулж байгаа эмийн чанарыг импортлогчдоос нь өөр хэн ч мэдэхгүй.
Эрүүл мэнд хийгээд эмийн чанар байдлын тухай асуудал үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсэг байж таарна. Гэвч энэ хяналтыг хэдийнэ гарынхаа салаагаар асгаж алдаад зөнд нь орхичихсон байгаа. Үүнийг хянах газар нь Мэргэжлийн хяналтын газар. Харамсалтай нь тэнд хяналтын оновчтой, зөв тогтолцоо бий гэдэгт эргэлзэж байна. Монголчуудад нүүрлэж байгаа нэг гамшиг бол энэ хуурамч эм. Гунигтай ч гэх үү, хөөрхийлөлттэй ч гэмээр юм уу нэгэн тохиолыг санаж байна.
2010 онд Монгол Улсын эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа “Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” хэмээн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сайд “Эмийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тавьдаг, уг нь бол ЭМЯ-ны дэргэд байх ёстой” гэж санааширсныг нь санаж байна. Эндээс импортлогч нарт өгдөг зөвшөөрөл, тэгээд тэдэнд тавих хяналт хоёр нь салчихсан юм байна гэж ойлгогдож байгаа юм.
Манай ихэнх импортлогчид худалдах эмээ ОХУ-аас оруулж ирдэг. Гэтэл Оросоос орж ирж байгаа эмийн 80 хувь нь хуурамч байдаг гэсэн тоо баримт байх юм. ОХУ-ын эм ханган нийлүүлэгчид харилцагчиддаа нэг эмийн хэдэн янзын хувилбар санал болгодог тухай өмнө нь сонсч байсан юмдаг. Харах өнгө нь ялгах юмгүй ч харин эмчилгээний идэвхит бодисын агууламж нь харилцан адилгүй байдаг гэнэ. Мэдээж стандартаас бага хэмжээний идэвхит бодисын агууламжтай байна гэдэг хуурамч гэсэн үг. Хямд үнэ, унах ашгийг нь бодоод мөнөөх хуурамч руу хошуурна. Иймэрхүү янзаар л эмийн импорт хийгддэг байх магадлалтай. Харин стандарт хангасан хэсгээ хяналтынхны сорилтод өгч байхыг үгүйсгэх аргагүй гэсэн иргэдийн хар сэр байх юм билээ.
Ийм эмчилгээний идэвхит бодисын агууламж стандартаас доогуур байх нь ихээхэн гай гамшигтай гэж байна. Тухайлбал, ийм эм өвчнийг эдгээхийн оронд өвчний бактерийг тухайн эмэнд тэсвэртэй болгон дархлаажуулдаг аж.
Эмэнд дасамтгай сүрьеэ энэ тэр бол хуурамч эмийн гай бололтой юм. Хуурамч эм ганц Монголын асуудал биш юм байна. Хараад, эсвэл амсаад хуурамч эсэхийг нь ялгах аргагүй. Түүнийг танихын тулд нарийн технологи бүхий лабортори хэрэгтэй. Гэсэн хэрнээ ашиг унац ихтэй гэдэг утгаар нь ийшээ хошуурагчид олон байдаг гэнэ.
ДЭМБ-ын хэдэн жилийн өмнө гаргасан тооцоогоор хуурамч эмийн борлуулалт жил бүр 32 орчим тэрбум ам.доллараас давдаг гэжээ. Эмийн дүүргэгч материал гэж байдаг. Тэр нь аюулгүй, экологийн түүхий эд, бүтээгдэхүүн байх учиртай. Тухайлбал, шавар бол ширхгийн эмийн нэг дүүргэгч болдог. Гэтэл хуурамч эмийн бас нэг аюул нь дүүргэгчийг хүний биед хор хөнөөлтэй материалаар орлуулсан байдаг гэнэ. Хуурамч эм өвчнийг анагаахгүй, харин ч тэмээн дээр ямааны гарз гэгчээр харшил өгч, өөр өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болдог тухай ДЭМБ-аас анхааруулдаг.
2012 онд Пакистанд 100 гаруй хүн хуурамч эм хэрэглэсний улмаас шууд нас барж байсан бол эмийн хяналт харьцангуй сайн. АНУ-д гэхэд Бостон хотод 11 хүн нас барж 100 гаруй хүн өвчилж байсан тохиолдол бий. Хавдраас хамгаалах дээрх тунг шинжлэхэд эмчилгээний идэвхит бодисын агууламж огтхон ч байгаагүй гэдэг. Энэ хуурамч эм Туркт үйлдвэрлэгдээд Швейцариас Дани улс руу экспортлогдож, тэндээсээ дистрибьютороор дамжин АНУ-д импортлогдсон байх жишээний. Эндээс анзаарахад хуурамч эм хэд хэдэн орны нийлүүлэгчдийг дамжин зам мөрөө бүдгэрүүлдэг нь тодорхой байна. Тэрчлэн АНУ-д 2007-2008 онд хуурамч эмийн улмаас 149 хүн амь насаа алдсан баримт бий. Ийм олон хүний амь насыг авч одсон тэр эм нь хууль журмын дагуу тус улсад импортлогдсон байсныг тогтоожээ. Эмийн хяналт гэдэг ийм амаргүй аж.
Өөр нэг аюултай жишээ байна. Ядуу буурай, эсвэл хөгжиж байгаа орнуудад гадаадын тусламжаар эм, урьдчилан сэргийлэх тарилга их нийлүүлэгддэг. Манайх ч бас нэг иймэрхүү замаар тухайн үеийн хэрэглээгээ хангаж байсан байх. Гэтэл тэр сайн санааны гэсэн тодотголтой тусламж дунд сайн саарын аль аль нь нуугдаж байдаг аж.
1995 онд Африкийн Нигер улсад дэгдсэн халдварт менингетийг дарахад хөгжилтэй орнуудаас вакцин хандивлажээ. Хандивлагч орнуудынх нь нэрийг сонсоход л найдвартай гэсэн итгэл төрмөөр байсан гэнэ. Гэтэл тэр дунд 50 мянган тун вакцин нь хуурамч байсан бөгөөд үүний улмаас наанадаж 2500 хүн амь насаа алдсан. Африк тивд хумхаа өвчнөөр жил бүр нэг сая орчим хүн амь насаа алддаг бөгөөд хэрэв чанартай, стандартын дагуу үйлдвэрлэсэн эм тан хэрэглэдэг бол тэдгээрээс хамгийн багадаа гэхэд 200 мянган хүний амийг аврах боломжтой гэжээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хуурамч эм бол ердөө үхэл л юм. Өөрөөр хэлбэл, эмийн сангаас үхэл худалдаж авч байгаагаас ялгаагүй аж.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар ядуурал нь хуурамч эм үйлдвэрлэл, хэрэглээний үндсэн хүчин зүйл болж байгаа ажээ. Тухайлбал, тус байгууллагын гаргасан тооцоогоор хуурамч эмийн 60-аас доошгүй хувь ядуу буурай орнуудын зах зээл дээр борлуулагдаж байгаа гэнэ.
Манай улс хоёр их хөршийн дунд оршдог. Хоёр хөрш маань хуурамч эм үйлдвэрлэлээрээ хаана ч нэг их хол хоцроод байдаггүй. Гэхдээ урд хөршийн хувьд дотоодынхоо хуурамч эм үйлдвэрлэгчидтэй хатуу тэмцэл явуулж байгаа. Хоёр жилийн өмнө тус улс хуурамч эм үйлдвэрлэдэг 1300 үйлдвэрийг илрүүлж хаасан тухай мэдээлж байсан санагдана. Тэдгээр үйлдвэр нь жилдээ 57 сая ам.долларын эм үйлдвэрлэж байсан гэдэг. Хойд хөршийн тухайд бол ойлгомжтой.
Байдал нэг иймэрхүү. Асуудлыг өөдрөгөөр харах ямар боломж байна вэ. Дэлхий нийтэд хуурамч эмтэй тэмцэх олон арга, хяналтын систем бий. Тэдгээрээс Монголдоо нутагшуулах боломж бол бий. Ер нь боломж гэдэг ямагт хажууд байдаг шүү дээ. Одоохондоо бидэнд импортлогч нартаа итгэх итгэл, тэдний хүн чанарт л найдах л үлдэж байна.