Тэгвэл гурван сая төгрөгөөс болж хүний амь хөнөөсөн этгээдүүдийн гайгаар өнчирч хоцорсон гурван хүүхэд болон түүний гэр бүлийн хүн, хохирогч Г.Лхагвасүрэнгийн бие ямар байгаа талаар тодруулахаар ээжтэй нь холбогдлоо. Тэрбээр энэ хэргийн эзэн холбогдогч олдоосой, хэзээ нэгэн цагт илрээсэй хэмээн залбирч, холбогдох газруудаас ямар мэдээлэл ирэхийг чих тавин хүлээж байна гэсэн. Ингээд түүнээс цөөн зүйлийг тодрууллаа. Хохирогчийн ээж нэрээ бичүүлэхээс эрс цааргаласан юм.
-ШТС дээрэмдэж, хүний амь хохироосон энэ аймшигт хэргийг түдгэлзүүлсэн байна. Та нар энэ тухай мэдсэн үү?
-Энэ хэргийг хэргийг үйлдсэн гэмтнийг олчих болов уу гэж зөндөө харж, хүлээлээ. Одоо ч хуулийнханд энэ хэргийг илрүүлнэ байх гэсэн итгэл найдвар тасраад байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт илрэх байх гэсэн горьдлого байлгүй яах вэ.
-Та бүхэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзана гэж байсан. Уулзаж чадсан уу?
-Уг нь шинэ засаг төр бүрдэж, шинэ сайд нар ажлаа авах үед өмнөх сайд Ц.Нямдорж олны анхаарал дунд байгаа, бараг илэрчихсэн гэх хэргийн талаар онцолж ярьж байсан даа. Төв аймгийн Батсүмбэр суманд үйлдэгдсэн хэрэг бараг илрэх шатандаа байгаа. Түүнийг илрүүлнэ биздээ гэж шинэ сайддаа хэлж байсан гэсэн. Гэвч илэрсэнгүй. Бид түүнтэй уулзах гэж хүсэлт тавихаар хүлээж авдаггүй юм.
-Тэр аймшигт хэрэг гарах үед та хаана байсан бэ?
-Хотод байсан. Энэ хэрэг гарсны дараа би цочиролд орж, тал цув харвасан. Хэдэн сар хэвтэрт байж байгаад л хөл дээрээ босч байна. Тэгээд л хэргийн учир явдлыг олох гээд хөөцөлдөөд хөл гар хүрэх газраа явлаа. Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгдөг. Өөр зүйл бидэнд хэлдэггүй.
-Энэ хэрэгт цагдаагийн алба хаагч оролцсон байж магадгүй гэдэг юм билээ. Та энэ тухай сонссон уу?
-Ямар хүн гэдгийг нь мэдэхгүй ч ийм муухай хэрэг үйлдсэн хүний царайг нь харах юмсан гэж боддог. Энэ хэргээс болж, хүү маань ханиа, гурван хүү нь өнчин, би тал мэдрэлтэй боллоо.Бас ээж маань энэ аймшигт хэрэг гарсныг сонсоод шоконд ороод нас барсан. Заримдаа ч арван хэдэн жилийн өмнө үйлдсэн Зориг агсны хэргийг илрүүлж чадаагүй байхад энэ хэргийг илрүүлэх нь юу л бол гэж бодох юм. Илрүүлэх байх гэсэн итгэл төрөхгүй л байгаа. Хэрэг гарсан даруйд тусгайгийхан бүх хүчээ нэгтгэж ажиллаад ч илрүүлж чадаагүй болохоор би эргэлздэг. Миний бэр сайхан хүн байсан. Миний хүүд л хэцүү байгаа. Сэтгэл санаа нь үймрээд, хажуудах ханиа алдсан хүнд ямар олигтой байх билээ. Харин хүүхдүүд нь овоо, хөгшин бид хоёр дээр байна.
-Хүүхдүүд нь бага гэсэн үү?
-Том болсон гурван хүүхэдтэй. Бага нь сургуульд суугаагүй юм. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр худлаа бичиж байсанд эмзэглэсэн. Айл шиг сайхан айл явсан. Гэтэл нэгийг нь хөнөөж, нөгөөг нь зэрэмдэглээд хаясанд хэлэх ч үг олдохгүй юм. Энэ хэргийн учир зангилаа хэзээ нэгэн цагт олдох байх. Эзэн холбогдогчгүй хэрэг нэгээр нэмэгдэж, хавтаст хэрэг замхраад алга болчих вий гэж санаа зовох юм.