Жүжгээ Aзид анх тавьснаараа бахархдаг

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Жүжгээ Aзид анх тавьснаараа бахархдаг

Гэгээн муза” академи, УДЭТ, Урлагийн ажилтны холбооноос 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа театрын шилдгийн шилдэг бүтээл тодруулдаг “Гэгээн муза” наадам ирэх сарын 27-нд буюу олон улсын театрын өдрөөр болох гэж байна. Уг наадмыг  энэ жилээс эхлэн уран бүтээлчдийг дэмжих үүднээс олон улсын түвшинд зохион байгуулж байгаа аж.

“Гэгээн муза” наадмын драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын найруулагч Н.Наран­батаарын бүтээл “Гамлет”, Б.Галааридын бүтээл “Эсрэг дурлал”, Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”, “ТВ Коктель” продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэр дэвшиж байгаа юм. Драмын жүжгийн төрөлд анх удаа нэр дэвшин өрсөлдөх болсон “ТВ Коктейл” продакшны бүтээлийн талаар жүжигчин Н.Цэнд-Аюушаас тодрууллаа.

-Жүжиг тань нэр дэвшиж байгаад баяр хүргэе?

-Баярлалаа. “ТВ Коктель” продакшн байгуулагдаад 10 гаруй жил боллоо. “Хоёр ертөнцийн буудал” бол манай продакшны хувьд анхны тайзны бүтээл байсан. Театрын шилдгийн шилдгийг шалгаруулдаг хүндтэй наадамд нэр дэвшихээр болсондоо маш их баяртай байна.

-Зургаан төрөлд нэр дэвшиж байгаа гэсэн үү?

-Тийм ээ, най­руулагчаар ажил­ласан Ж.Сэнгэдорж, мөн жүжигчин У.Батхуяг буюу Амбий, Д.Энхбаяр, А.Өнөржаргал болон тайзны зураач О.Баяр­магнай, хөгжмийн зохиолч Г.Онон гээд нийт зургаан төрөлд нэр дэвшиж байгаа.

-Нэр дэвшснээ хэзээ мэдсэн бэ?

-Энэ сарын 20-нд мэдсэн.Маргааш нь нэр дэвших эрхээ театрын урлагийн бурхадаас гардан авсандаа их баярласан. Одоо “Гэгээн муза” наадамдаа бэлтгэх л үлдлээ.

-Шагнал авна гэсэн итгэл хэр их байна вэ?

-Шүүгчид уран бүтээлчдийн ямар зохиол сонгосон, найруулагчийн тавилт, тайзны зураг, шийдэл зэрэг олон зүйлийг харж байж шилдгээ шалгаруулна гэж бодож байна. 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байх бол?

-Энэ жил драмын жүжиг тайзнаа тавьсан уран бүтээлчидтэйгээ өрсөлдөнө. Олон хүчтэй, чадварлаг найруулагч, жүжигчид өрсөлдөж байгаа учраас бага зэрэг сандарч байна.

-“Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын бусад жүжгээс юугаар онцлог юу вэ?

-Бид орчин үеийн сонгодог зохиолоор жүжиг тавьсан. Жүжгийн зохиолч Э.Шмит бол Европын шилдэг зохиолчийн нэг шүү дээ. Энэ жүжгийн сонголт ч мэдээж оновчтой шийдэл байсан болов уу гэж бодож байгаа. Жүжгээ тоглоход үзэгчид их сайхан хүлээж авсан. Хоёр ч удаа үзэгчдийн хүсэлтээр тоглосон. Тиймээс үзэгчдэд их зүйлийг ойлгуулсан жүжиг болсон юм болов уу гэж бодсон. Мөн бид энэхүү жүжгийг Азидаа анх удаа тавьсан гэдгээрээ бахархаж байгаа.

Б.МАРАЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж