“Эзэнт гүрний түүхийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд дэлгэх гэж байна.
Нэн сонирхолтой тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын Архитекторуудын эвлэл хамтран зохион байгуулж олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх ажээ.
Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хаан түүхтэй монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тархан суурьшсан монголчууд”байгууллагааас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг улсад судалгааны зураг авалт хийж, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах ажээ.
Үзэсгэлэнд Зүчи хааны шарилын бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв, Захирагч Үлэгбэхийн байгуулсан Одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн зооснууд, Дундад Ази дахь Монголын үеийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зураг, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх Ухааны Академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургуудыг дэлгэн харуулах юм байна.