МСБХ-нд шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

МСБХ-нд шаардлага хүргүүлжээ

Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн хурал өчигдөр “Кемпински” зочид буудалд болж, Үндэсний шигшээ, залуучуудын шигшээ баг, Үндэсний супер лигийн долоон багийн эзэн, дасгалжуулагч, тоглогчид, Спрайт супер лигийн 20 багийн төлөөлөл, дүүргүүдийн багш дасгалжуулагчид, ахмадын зөвлөл, Монголын шүүгчдийн холбооны шүүгчид нийлсэн 120 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хуралдаанаар хамгийн түрүүнд хөндсөн асуудал бол МСБХ болоод МҮСБХ-ны хоорондын нөхцөл байдал, тэр дундаа МСБХ-ны цаашдын ирээдүйг хэлэлцжээ. Улмаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ-ын дүрмийн 3.5-т зааснаар ээлжит бус хурал зарлах шаардлага хүргүүлсэн байна.  Хэрвээ дээрх  шаардлагыг Монголын сагсан бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багийн эзэд, дасгалжуулагчдын холбоо, Монголын төрийн бус байгууллагуудын хуулийн хүрээнд ээлжит бус хуралдаанаа хийж, холбооны удирдлага бүтцээ тодруулахаа мэдэгджээ. Мөн уг хуралдаанаар сүүлийн хэдэн сарын турш сагсан бөмбөг сонирхогчдын дунд үл ойлголцох байдал үүсгээд байсан хоёр холбооны асуудал эцэслэн шийдэгдэх шатандаа ороход хэдхэн алхам үлдээд байгааг дуулгасан. Ямартай ч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг Монголын бүх сагсан бөмбөгчид өөрсдөө бүх гишүүдийн хурлаа хийж ээлжит бус хуралдаан зарлах шаардах бичгийг холбооны удирдлагууддаа хүргэсэн. Харин цаашдаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо нэгдэн нийлж нэг зорилгод зангидагдах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж