Монголын хөлбөмбөгчид “Challenge cup”-ын талбайд

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид “Challenge cup”-ын талбайд

С.Эрдэнэбат: Цааш шалгарахын төлөө тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2014 оны “AFC Challenge cup” тэмцээнд оролцохоор энэ сарын 20-нд эх орноосоо мордсон билээ. Тэгвэл манай шигшээ багийнхан “Challenge cup” урьдчилсан шатны тоглолтын өмнөх эхний нөхөрсөг тоглолтоо хийжээ. Лаосын лигийн багтай хийсэн тоглолтод манай шигшээгийнхэн 1:0-ээр хожигдсон байна. Өнөөдөр дахин нэг нөхөрсөг тоглолтод оролцоно. Энэхүү тэмцээнийг зорихоос өмнөхөн шигшээ багийн бэлтгэл дээр очиж, цөөн ярилцаж байснаа хүргэе.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч: С.Эрдэнэбат 

-Амжилт гаргахын төлөө том зорилго тавин, бэлтгэл сургуулилтаа хийж байна-

-Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2014 оны “AFC Challenge cup” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцох гэж байна. Тэгвэл энэхүү тэмцээний талаар болоод тамирчдын бэлтгэл сургуулилтын талаар мэдээлэл өгөөч.

-Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх гуравдугаар сарын 2-6-ны хооронд Лаос улсад 2014 оны “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох гэж байна. Манайх тэмцээний С хэсэгт талбайн эзэн Лаос болон Афганистан, Шриланка шигшээтэй учраа таарсан.  Гуравдугаар сарын 2-нд Лаос, 4-нд Афганистан, 6-нд Шриланкын шигшээ багтай тоглоно. Цаг агаарын байдлаас шалгаалаад Монголын хөлбөмбөгийн холбооны футзаланд бэлтгэлээ базааж байна. Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө очиж, Лаос улсад бэлтгэлээ хангах төлөвлөгөөтэй байгаа.

-Шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр байгаа бэ?

-Тамирчид он гаргаад буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж бэлтгэлдээ гарсан. Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Хөлбөмбөгийн холбоон дээр байрлан, тамирчдын ерөнхий бэлтгэлжилт гайгүй хангагдсан. Хамгийн гол нь гадаа хүйтэн байгаа учраас заланд бэлтгэлээ хийхээс аргагүйд хүрч байна. Гадна талбайд хийх бэлтгэл маань жаахан дутуу байна. Үүнийгээ Лаос улсад очоод хангах төлөвлөгөөтэй байна. Урьдчилсан шатны тоглолтоос өмнө хоёроос гурван нөхөрсөг тоглолт хийнэ. Тэр тоглолтуудаар болтугай бэлтгэлээ хангах шаардлага тулгараад байгаа юм.

-Энэ удаа шигшээ багийн хувьд хамгийн залуу бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Тэмцээний туршлага дутахгүй байгаа?

-Ер нь тэмцээнд оролцох үндсэн 20 тамирчны дотор өмнө нь шигшээд дуудагдаж байгаагүй зургаан тоглогч бий. Эдгээрийн гурав 17-18 настай. Бусад нь бол шигшээ багт дуудагдаж байсан туршлагатай тамирчид. Сүүлийн үед монголын хөлбөмбөгт залуу, авьяаслаг тоглогчид хүч түрж байна. Тэднийгээ дэмжих, олон улсын тэмцээнд ах нартайгаа оролцож туршлага суух нь хэрэгтэй юм болов уу. Ирээдүйд шигшээ багийн нүүр царай болох залууст маань энэ тэмцээн сургамж, сургаал болно гэж үзсэн юм. 2011 оны “Challenge cup” тэмцээн болон ДАШТ-ний урьдчилан шатад тоглосон тамирчид бүгд бий. Харин довтлогч А.Мөрөн АНУ-д суралцаж буй учир шигшээ багт багтаагүй.

-Залуу тоглогчдоос гараанд гарах уу?

-Үндсэн баг цугларалт, бэлтгэлд гарснаас хойш том талбай дээр тоглолт хийгээгүй байна. Хийх боломж бас манайд алга. Очоод том талбайд бэлтгэлээ хийсний дараа, нөхөрсөг тоглолтуудын дараа гарааны бүрэлдэхүүнийг тодорхойлно. Харин хагас хамгаалалтын шугам өөрчлөгдөхгүй. Бидний хамгийн том зорилго бол дараагийн шатад шалгарах юм. Гэхдээ хөлбөмбөг гэдэг урьдчилан тааварлахын аргагүй шүү дээ. Том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө багаас нь эхэлдэг гэдэг. Амжилт гаргахын төлөө том зорилго тавин, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

ОУХМ Д.Лүмбэнгарав /Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч/

-Ихэнх нь залуу тамирчид тул эрч хүчтэй байна-

-Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатад тоглох гэж байна. Тамирчид та бүхний хувьд бэлтгэл сургуулилт хэр байна?

-Бид нэгдүгээр сарын эхээр цугларалтад гарсан. Одоо бэлтгэл сургуулилт сүүлийн шатандаа орж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилтаа гадаа хийх боломжгүй учир зааланд хангаж байна.

-Тамирчид их ядарсан юм шиг харагдлаа. Бэлтгэлийн ачаалал хэр байна вэ?

-Үгүй. Бидний бэлтгэлийн ачааллын үе өндөрлөсөн байгаа. Одоо сэргэлтийн үе эхэлчихсэн.

-Та олон удаа шигшээ багийг ахалж, олон чанартай тэмцээнд оролцож байна. Тэгвэл энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүн юугаараа давуу талтай гэж үзэж байна вэ?

-Энэ удаа Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ дундаж нас нь хамгийн залуу бүрэлдэхүүнээр оролцож байна. Шигшээн дундаж нас 23,6 гэж байсан. Сүүлийн үед залуучууд их сайн тоглож байна. Шигшээ багийн бүрэлдэхүүний ихэнх нь залуу тоглогчид учир их эрч хүч мэдрэгдэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж