ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Жаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ИЗНН УИХ-ын сонгуулиар 4-5 төлөөлөл гаргаж ирэх боломжтой байсан ч улс төрийн зарим шалтгаан саад болсон хэмээн мэдэгдэж байсан. Алдаагаа хэрхэн дүгнэв, ямар бодлого хэрэгжүүлэхээр болов?
-Их хурлын сонгуулийн дараачаас манай нам өөрчлөлт шинэчлэл хийсэн. Жирийн гишүүдээсээ эхлээд удирдах ажилтнууд намынхаа бодлого, чиглэлд анхаарч, урагшлах уу, зогсонги байдалтай цөөн хэдэн хүний нам байгаад байх уу, олон нийтийн нам болох уу гэж асуудал хөндөж байна. Намд шинэчлэл эрс явагдаж эхэлсэн. Дотроосоо жигүүр хүртэл гаргалаа. Дүрэмд зааснаар намтай холбоотой аливаа асуудлаар намын удирдлагууд бүхий л байгууллагад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. ИЗНН ардчилсан чиглэлийн нам учраас өөрчлөлт, шинэчлэл эрчимтэй явж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд болсон Үндэсний зөвлөлдөх хорооны их хурлаар миний бие намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Аравдугаар сарын 2-нд тамгаа авсан, 4-нд нэр дэвшүүлэх ажил дууссан. Орон нутгийн сонгуульд анх удаагаа 300-гаад хүн дэвшүүлж 30-аад төлөөлөгч гаргалаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулахад АН-тай сонгуульд хамтарч оролцох гэрээ байгуулсан. Харамсалтай нь гэрээ бүхэлдээ зөрчигдөж, манай нам олон газарт бие дааж нэр дэвшүүлсэн. Хоёр нам, нэг эвсэл, дээр нь бие даагчид өрсөлдсөнөөс 30-аад сум, аймагт төлөөлөгч гаргасандаа баяртай байгаа. Уг нь эртхэн ажлаа эхлүүлсэн бол орон нутгаа сайн мэддэгийн хувьд илүү хүчтэй, зоригтой оролцож, үр дүн гарах байсан. Нийт иргэдийн хүсэл эрмэлзлэл манай нам руу хандсан нь анзаарагдсан. Гишүүд зарим газарт тактик алдсан гэж ярьж байгаа. Алдаагаа олж харж, дүгнэсэн учраас бид 2016 онд найман гишүүн гаргаж, УИХ-д бүлэгтэй болно гэж үзсэн. Бүлэг нээлттэй байдал, шударга ардчилал, Монголын эдийн засгийг тогтвортой болгох хувь хүний эдийн засагт суурилсан бодлогыг гаргаж ирнэ. Тэр нь улс орны хөгжил, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг бий болгох юм. Бид Монгол орон, монгол хүнээ цалинтай, орлоготой, тогтвортой амьжиргаатай сайхан амьдрах бололцоог хангахын төлөө бид ажиллана.
-Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дотооддоо ярьж эхэлсэн. ИЗНН хэзээ хуралдах вэ, С.Оюун даргын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд нэр дэвшүүлэхгүй гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг намын их хурал шийднэ. Ээлжит их хурал ирэх сард болно. Намын удирдлагууд ч энэ талаар ярьсан. Сая би 6-7 аймгаар яваад ирлээ. Дүүргүүдийн намын байгууллагын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж, улмаар шинэ төвшинд гаргахаар ажиллаж байна. Шинэчлэлийн явцад намынхаа хуучин гишүүнчлэлийг сэргээж, шинэ намын суурийг бэхжүүлнэ. Гишүүдтэй уулзахад парламентад суудалтай намын хувьд сонгуульд амжилт гаргах хамаагүй, намынхаа зорилго, хүсэл тэмүүлэл, улс орондоо юу хийх вэ гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулан ард түмэндээ ойлгуулах ёстой гэж ярьж байна. Ирэх сард болох намын их хурлаар энэ талаар хэлэлцэнэ. Манай нам дотоод ардчилалтай, нэг дарга нь дэвшинэ, нөгөө нь дэвшихгүй гэснээр асуудлыг шийдэхгүй.
-С.Оюун “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэснээрээ намаа сонгуульд оролцохгүйг, мөн өөрөөс нь өөр нэр дэвших боломжтой хүн байхгүйг хэлээд байгаа юм биш үү?
-С.Оюун ИЗНН-ын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн. Манай нам дүрэмдээ Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ бүх асуудлыг их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Хувь хүний хүсэл мөрөөдөл эцсийн шийдвэр болохгүй. Намын даргын зүгээс “Би нэр дэвшихгүй” гэж хувийн байр сууриа илэрхийлснээс биш, намын даргын хувиар “Манай нам оролцохгүй гээгүй.
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шалгуурыг хангасан, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин хэр олон байна. Хэнийг дэвшүүлэх вэ?
-С.Зориг амь насаа алдсанаас хойш нийгэм буруу тийш явж, тэр гажуудлыг арилгахаар олон сэхээтэн, мэдлэг боловсролтой хүмүүс ИЗНН-д орж ирсэн. Манай нам ч өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан туршлагатай. Тухайлбал, Л.Дашням гуай байна. Мэдлэг боловсролтой, чадалтай, нийгмийг удирдаж авч явах бололцоотой боловсон хүчин олон бий. Гол нь нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн шийдлийг С.Оюун юм уу, С.Жаргал гаргахгүй. Намын их хурлаар хэлэлцэж, Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох асуудлын хүрээнд шийдлээ гаргана. Тиймээс энэ асуултын хариуг нээлттэй үлдээе.
-Төрийн тэргүүний сонгууль учраас улс төрийн намууд нухацтай ярьж, хичээж оролцох нь ойлгомжтой. Тухайлбал, МАН-ынхан хоёр шатны сонгуульд ялагдлаа, одоо бид алдах эрхгүй гэж байгаа. Сонгуулийн өнгө, улс төрийн нөхцөл байдлаас ямар дүгнэлт хийж байна?
– Өнөөдрийн байдлаас харахад Монголын ард түмэн ардчилал тал руу хэлбийсэн. Тиймээс одоогийн төрийн тэргүүн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. Манай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээрээ 2016 оны сонгуульд ямар бодлого чиглэлтэй нам гэдгээ таниулах, үзэл баримтлалаа танилцуулах, ойлгуулах зорилготой. Энэ бүхнийг намын их хурлаар тал бүрээс нь ярьж шийдлээ гаргана.
-Хуулиараа бол УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл засагт хамтарсан нам, эвслийн гэрээгээр сонгуульд хамтарч оролцоно гээд заачихсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид гэрээг судалж байна. Түүнээс үзэхэд ямар ч хууль эрхзүйн үндэслэл алга. Нөгөө талаас орон нутгийн сонгуульд АН, “Шударга ёс” эвсэл хоёул гэрээгээ зөрчиж, манай нэр дэвшүүлсэн субьектүүд тусдаа орсон шүү дээ. Анх шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа бүгдээрээ эвсч засгаа баръя гэсэн. Түүнээс гадна хоёр, гурван ч шат дараалсан тухайлбал, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч нэр дэвшүүлнэ гэж заасан атлаа орон нутгийн сонгуульд гэрээнийхээ бүх заалтыг зөрчсөн. Тиймээс гэрээ ямар ч үндэслэлгүй, биелэгдэх нөхцөлгүй болчихож байгаа юм. Орон нутгийн сонгуульд гэрээгээ зөрчөөд дарга, цэргийнхээ асуудлыг шийдчихсэн юм чинь өнөөдөр гэрээгээ баримтална гэвэл учир дутагдалтай.
-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш ямар чиглэлд анхаарч ажиллаж байна?
-Өнгөрсөн аравдугаар сард ажлаа аваад орон нутгийн сонгуульд шууд орсон. Ингэхдээ би Хэнтий аймагтаа нэр дэвшсэн. Үр дүн нь арван хүн ИТХ-д гаргасан амжилттай. ИТХ-ын дарга нь манай намаас сонгогдсон. Дорнод аймгийн ИТХ-д 15 хүн гарч, манай намын гишүүн Засаг дарга болсон. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтэд олон залуу нэр дэвшсэн. Баянзүрх дүүрэгт 25 хүн нэр дэвшиж гарсан. Бид орон нутгийн сонгуульд арай оройтож бэлтгэсэн. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэгчээр баяртай байгаа. Энэ бүхнээс үндэслэн бид намаа бэхжүүлэх ёстой гэсэн шийдэлд хүрч ажил эхлээд байна. Сүүлийн үед хоёр удаа долоон аймгаар явлаа. Дорнод аймаг руу манай намын нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хассан, шүүхээс шийдвэр гарчихаад байхад нөгөө хоёр нам “Бидэнд хохиролтой” гээд санал тоолоогүй зэрэг зөрчил бий. Монголын хууль, шүүхийн байгууллага хаашаа яваад байна вэ гэж асуумаар, тийм зүйлүүд ч тэнд зөндөө гарсан. Энэ мэт бэрхшээл тулгарч байгаа ч манай намын рейтинг байнга өсч байна. Дархан, Сэлэнгэ зэрэг олон аймагт манай залуус олонхийн дэмжлэг авсныг түрүүнд хэлсэн. Одоо намаа бэхжүүлэх л чухал. Удахгүй манай намын Улс төрийн зөвлөл хуралдана. Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулна. Түүний дараа их хурлаа хийнэ. Намын шинэчлэл, өөрчлөлтийн тухай нийт гишүүдийн байр суурийг сонсоно.Цөөнхийн бус олон нийтийн нам болж, ногоон хөгжлийн төлөө ажиллана.
-Та түрүүнд ИЗНН улс орны хөгжил, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг бий болгохын төлөө ажиллана гэсэн. Тэгвэл бондын үр ашгийг хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрүүд эхнээсээ гарлаа. Нийгэмд хэрэгтэй зүйлүүд цөөнгүй ч дутуу бодсон зүйлүүд бас байна. Чингис бондыг шийдсэн байдал манай намын эдийн засагчдад огт таалагдаагүй. Яагаад гэвэл, цагийн хатууд яаруу сандруу их хэмжээний мөнгө зээлээд түүндээ хүү төлөөгүй гэж байна. Хүү төлөхгүй гэж байгаа ч цаана нь өр яваад байна. Нэгэнт гарын үсгээ зураад зээлсэн юм чинь хүү төлж таарна. Аливаа их хэмжээний мөнгө зээлэхэд хөрөнгө босгох нь зөв ч ухаантай хандах ёстой. Эцсийн эцэст тэр нь бидэнд өр болж үлдэнэ. Үр ашигтай захиран зарцуулахын төлөө яаралтай анхаарахгүй бол дараа нь бидний үр хүүхдэд өр үүснэ. Бусад орны туршлагаас харахад эхлээд ямар төсөлд хэрхэн захиран зарцуулж, ямар хэмжээний ашиг олж, хүүгээ хэрхэн төлөхөө төлөвлөсний дараа зээлдэг. Чингис бондыг өнөөдөр тавхан жилийн хугацаатай авлаа гэж байна. Гэтэл эхний жил нь өнгөрчихлөө. Үлдсэн дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрнө. Дараа нь яах вэ. Өрөө дарахын тулд Хубилай, Өгөөдэй бонд гаргах уу. Ингэж нэг өрөө нөгөөгөөр дараад байх уу. Ийм балай юм хийж байхад хэн бидэнд итгэж дахин мөнгө зээлүүлэх юм бэ.
-Оюутолгой, Тавантолгойгоос харахад урьдчилгаа, зээл ямар аюултай нь мэдрэгдэж байгаа. Төр, засаг алдаагаа засахгүй эцэст нь амаа барьдаг механизм үйлчилж байна гэвэл санал нийлэх үү?
-Оюутолгой, Тавантолгойн тухай зөндөө хэлж, ярьж анхааруулсан шүү дээ. Тиймээс манай эдийн засагчид бондын асуудлыг нээлттэй, жинхэнэ ардчилалтай болгоё гэж байгаа. Тавантолгойг хар л даа, 21 мянган төгрөг өгөхийн төлөө барьцаанд тавиад орж ирсэн мөнгийг нь тараачихсан. Одоо нэг л арга бий. Тэр компаниа зах зээлийн үнэлэмжтэй болгохын төлөө төр, засаг авсан мөнгөө эргүүлж өгөх хэрэгтэй. Ингэж байж урагшилна. Оюутолгойн гэрээг нээлттэй ил тод болгож, төр, засаг нээлттэй хянадаг болох ёстой. Монголд оруулж ирж байгаа төслийг төр, засаг нь өөрсдөө хянаж чадахгүй бол өрөвдөлтэй. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн байдал өөрчлөгдөж байна. Эдийн засаг хүнд байхад бид есөн хувийн хүүтэй зээл өгч байсан. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдлөө. Есөн хувийн хүүтэй зээлээ эргэж харах хэрэгтэй. Хоёр толгойн гэрээгээ зөв зохистой зарцуулахаас монголчууд толгойтой юу, үгүй юу гэдэг харагдана.
-Улс төрөөс өөр сэдвээр танаас асуух зүйлүүд бас байна. Сар шинийн өмнөхөн манлай, тод манлай уяачдыг тодрууллаа. Түүний зэрэгцээ “Уяачдын хөдөлмөрийг зөв үнэлдэггүй, өнгө, мөнгөөр алдар цол хүртээдэг” гэсэн шүүмжлэл дуулдаж байгаа. Уяачдын холбооны тулгын тулууг тавилцсан хүний хувьд юу гэж үзэж байна?
-Хөдөө орон нутгаар явж байхад уяачид уузаж, энэ талаар их ярих юм. Д.Пунцагбалжир агсан, У.Буяндэлгэр биднийг Уяачдын холбоог анх байгуулж байх үеийн санаа бодол өөр байсан юм. Тухайлбал, уяач хүн, морины эзэн хүлэгчийг заагласан ялгааг бий болгосон. “Түмэн эх” зурагт календарь гаргахдаа ч морины эзэн ба уяачаар нь ялгаж байсан. Үүнийг л хүмүүс маш сайн ойлгох ёстой. Өнөөдөр хурдан морь худалдаж аваад аливаа наадамд оролцоход маш амархан нэр төр олж, олонд танигдах боломж гарч байна. Хөрөнгө, мөнгөтэй залуус хамгийн хурданаар олонд танигдах арга зам нь аймаг, суманд айрагдаж түрүүлсэн хурдан морьдыг үнэ цохиж худалдаж авах. Түүнийгээ тухайн уяачаар нь уяулаад алдарт уяач цол авчихдаг. Бидний үед Уяачдын холбоо хэлэлцэж байж асуудлыг шийддэг байсан. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил дүрэмдээ өөрчлөлт оруулах нэрээр уяач хүн өөрийн найман настай хүүхдийн нэр дээр уралдуулсан бол тэр хүүхдийн нэр дээр цол хэргэмийг тодорхойлохоор болгосон. Энэ нь морь худалдаад авчихсан нөхөрт цол хэргэм очихоор хийсэн зохицуулалт. Ийм маягаар алдарт уяач болсон хүн морины болоод уяа сойлгоны талаар асуухад юм мэдэхгүй. Тэгэхээр дэмий асуудал байхгүй юу. Ийм учраас бүх асуудлаа нээлттэй, ил тод ярьж, ямар хүмүүс нэр дэвшиж байгааг танилцуулдаг болох хэрэгтэй. Нэг мэдэхэд хаалттай хуралдаад Ерөнхийлөгчийн Тамгын газар оруулж шийдвэрлүүлдэг байж таарахгүй.
-Олон жил адуу дагаж, морь уралдуулж айраг, түрүү хүртсэн ч алдар цолоо авч чадаагүй уяачдыг та хэр мэдэх вэ?
-Жишээ нь, Хэнтий аймгийн уяач Г.Содном гуай байна. Энэ хүн 17-18 айраг, түрүү авсан. Нутгийнхаа 3-4 хүний адууг уясан. Түүнийг нь хаслаа гэхэд 13-14 айраг, түрүү авч манлай уяачийн болзлыг аль эрт хангасан. Бусад уяачид ч тэр хүний хөдөлмөр, зүтгэлийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь бичиг, баримт бүрдүүлэх болохоор жагсаалтаас хасагдчихдаг. Гэтэл хүнээс хурдан морь үнэ цохиж авсан хүмүүс маш амархан манлай уяач болчихож байна. Хүний 20-30 жилийн хөдөлмөрийг бодитой үнэлж чадахгүй болохоор бухимдал, харамсал төрөх нь аргагүй шүү дээ. Ийм учраас бид нэг зүйлийг даруй бодох ёстой. Манлай уяач, Тод манлайг тодруулахдаа өөр түвшинд шийдмээр байна. Хурдан морины эзэн гэдгээрээ алдарших илүү гоё. Олон сайхан хурдан хүлэг цуглуулсан хүлэгч гэдэг алдар хүртэх сайхан шүү дээ. Шаардлагатай бол тусад нь хэргэм зэрэг өгч болно. Уяач, унаачийн хөдөлмөрийг ч тус тусад нь үнэлэх учиртай. Ингэж чадвал бүх зүйл шударга болно.
Эх сурвалж: www.polit.mn