Гандан хийд бага хүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Гандан хийд бага хүнтэй байна

Усан могой жилийн билгийн тооллын шинийн 15-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр хийсэн буян мянга, түмээр үрждэг өдөр ажээ. Монголын бурхан шашинтаны төв Гандантэгчилэн хийдэд өнөөдрийн билэгт сайн өдөр засал домоо хийлгээд ном уншуулчих гэсэн хүмүүсийн хөл тасрахгүй үргэлжилж байсан юм. Гандангийн хаалгаар оронгуут хоёр цагдаа олны дунд явж байсан нь нүдэнд содон харагдаж байлаа. Тэдний хэлж байгаагаар сар шинийн өдрүүдэд буян номын газар болоод ч юм уу тэр бүр гэмт хэрэг гараад байдаггүй аж. Харин хааяа нэг халаасны хулгай гардаг ч цагдаа нар шуурхай ажиллаж, иргэдийг хохиролгүй болгож чаддаг гэнэ лээ. Хүслийн модонд хүслээ шивнэж, тагтаа хооллох олноос гадна заслын номоо уншуулахаар дугаарлан зогсох иргэд нилээдгүй байх ажээ. Гандантэгчилэн хийдийн хувьд тогтсон үнэ хөлс байдаггүй гэх боловч иргэд уншуулах номоосоо шалтгаалаад өөр, өөр хэмжээний хөлс төлж байсан юм. Аль ч хийдэд төрсөн он, жилээ хэлээд тухайн жилдээ ямар ном уншуулан засал хийлгэх, эсвэл тусгайлан засалтай эсэхээ бичүүлээд лам нараар уншуулах боломжтой.

“Зуруулсан хүний сүсэг л мэднэ дээ. Буян хорон болов уу гэж бодоод өгснийг нь л авдаг даа” хэмээн “Өглөө” кинон дээр марзан Шарав гуай хэлдэг үгийг манай шашин номынхон хэлдэг боловч номын нэрсийг бичээд ард нь үнэ хөлсийг нь дараалуулан бичсэн самбар бүх хийдэд байдаг болсон. Могой жилийн заслаа хийлгэхээр очсон иргэд нэг гэр бүлийн засал хийлгэхэд дунджаар 30 орчим мянган төгрөг, тусгайлан засалтай бол үүнээс илүү хэмжээний мөнгө тушааж байсан юм. Ингээд номоо бичүүлсэнийхээ дараа уншуулах лам дээрээ мөн л нилээд удаан дугаарлан зогсоно. Номоо уншуулж дуусаад тухайн ламдаа ёстой нөгөө сүжгээрээ мөнгө өгдөг гэсэн. Харин хэдийг өгөхийг тухайн ном уншуулагч л мэддэг. МБШТөв Гандантэгчилэн хийд өнөөдөр хөл хөдөлгөөн харьцангуй бага байсан юм. Энэ нь иргэдийн дунд өчигдөр шинийн 15 болоод өнгөрчихсөн гэсэн ойлголт, яриа байгаатай холбоотой ажээ. Учир нь “шинийн нэгэнд шиний хоёрны сар тэнгэрт мандсан. Бид буруу өдөр шинэлчихлээ” гэсэн яриа мэр сэр гарч байсан юм. Гэхдээ зурхайч, лам нар маань нэг их маргалдалгүй нэг өдөр дээр тохирч, бид 2-р сарын 11-нд золгосон юм. Энэ өдрөөс эхлэн тооцвол өнөөдөр яах ч арга байхгүй Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15 ажээ. Ум сайн амгалан болтугай.

Т.ДАРХАН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж