
аймгийн Бүрэн сумынхан шинийн 14-ний билэгт сайн өдөр буюу өчигдөр
Гандантэгчинлэн хийдийн сургуулийн зааланд цугаараа цуглаж золголтоо
хийлээ. Бүрэн сумаас төрөн гарсан найргийн ноён оргил уулс болох
Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар Бүрэнгийнхэн. Нутгийнхаа золголтод
Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гадагш, дотогш ажилтай явсан тул хүрэлцэн
ирж амжсангүй, утсаар мэнд мэдэж байна гэдгээ дуулгажээ. Бүрэн сумынхан
Гандан хийдэд золгож буй нь тун утга учиртай. Учир нь Монголын бурхан
шашинтны төвийн тэргүүн Б.Чойжамц хамба мөн л Бүрэн сумын унаган хүн.
Тиймээс
нутгийн зон олон билигт сайн өдрийг сонгон ерөөл дэмбэрэлийг харж
бурхан шашныхаа төвд, Чой хамбаа бараадан сумынхаа золголтоо хийж буй
нь энэ. Нутгийн олон өнгөтэй дээлээрээ гангарч хавь ойрд уулзаагүй
нэгэнтэйгээ уулзан буйдаа тун их баяртай байгаа нь илэрхий. Бүрэнгээс
төрсөн Ардын жүжигчин Ц.Уртнасан, Ардын жүжигчин А.Очирбат буюу
“Итгэлт”, уртын дууч СУИС-ийн багш Ц.Дашцэрмээ, сум нэгдлийн дарга асан
Хөдөлмөрийн баатар Г.Батмөнх, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд
асан Ц.Намсрай, Гандангийн дэд хамба Ө.Жаамаа, онц тээвэрчин
Д.Чойжил, улсын аварга малчин Ц.Ширчин, өндөрнастан Сандагжав, Бүрэн
сумын Засаг дарга Д.Эрдэнээ, сумын нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал
хурандаа А.Дамбаржараа нарын хүмүүс хоймрын суудалд тухалжээ.
Золголтын салхийг нутгийн олон Б.Чойжамц хамбад алд цэнхэр хадгаа
барьсаар эхлүүлэв. Төв аймгийн 90 жилийн ойн арга хэмжээ энэ зун тохиох
гэж байгаа аж. Төрж өссөн нутаг Төхөмийн нуурын хөвөөндөө нутгийнхаа
олныг урьж байна шүү гэдгээ сумын Засаг дарга Д.Эрдэнээ индэр дээрээс
албан ёсоор дуулгасан. Чой хамба “Бүрэн сумынхан нутгархдаггүй. Гэхдээ
нэгнээсээ холддоггүй эртнээсээ ажил хөдөлмөрт дуртай ажилсаг ард
түмэн” гэдгийг хэлж байв. Тэрбээр бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр
нутгийн зон олныг Гандан хийдэд морилон ирж золголт хийж байгаа нь
сайхан үйл явдал болж байна. Монголын түүхт ёс заншлыг сэргээдэг
цагаан сар монгол дээлээ өмсч амар мэндээ мэдэж, хөөргөө зөрүүлдэг
сайхан баяр юм гэдгийг онцолсон. Монголчууд хэзээнээс бурхны
шашинтай байж ирсэн. Коммунизмын 70 жилд шашныг үгүйсгэж байсан ч манай
Бүрэн суманд шашныг дээдлэх нь харьцангүй хэвээр байсан. Аз таарсан
уу коммунизмын үед учирсан дарга нар шашинтай сайхан хүмүүс байсан.
Бурхны шашинд зааснаар жаргал, зовлонгийн хамаг шалтгаан өөрт чинь
бий. Там, диваажин ч өөрт чинь бий. Бие, хэл, сэтгэл гурваар хүнтэй
зөв сайхан харилцаатай байхад аз жаргал, диваажин дэргэд чинь бий.
Дээхнэ үеийн улсуудыг хараарай. Нэгнээ ямар сайхан хүндэлж харьцдаг
байлаа. Залуучууд та бүхэн өөрийн жаргалыг өөрийнгараар бүтээгээрэй
гэдгийг Чой хамба сургаад нутгийн хуран цугларсан олонд уншлага уншиж
эд буяныг дуудаж даллага авсан юм. Золголтыг зохион байгуулж буй
А.Дамбадаржаа “Чой багшдаа их баярлалаа. Бүтэн заяатай Бүрэн сумынхан
аз жаргал дүүрэн ажил хөдөлмөр арвинтай байх болно” гэдгийг хэлэв.
Үүний дараа Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга, Хууль зүйн
ухааны доктор Ш.Сүхбаатар хаврын тэргүүн сарын шинийн 14-ний билэгт
сайн өдрийн мэндийг нутгийн олондоо хүргээд “Бүрэн сумынхан амны
хишиг, заяа буянтай ард түмэн. Монголын бурхны шашны тэргүүн
хамбынхаа шинийн 14-ний их хуралд хэсэг хугацаанд ч болов нутгийн
бид сууж адис жанлавыг нь хүртлээ. Сумын золголтыг цаашид жил бүр
зохион байгуулж нутаг орныхныгоо уулзуулж байя гэсэн бодол төрж
байна. Өнөөдрийн арга хэмжээ золголт их сайхан болж байна. Миний бие
хэдэн нөхдийн хамт санаачлан “Бүрэн хөгжил” сан байгуулсан. Энэ
хүрээнд нутгийн залуучуудын дунд уулзалт хийж сурлагаараа тэргүүлж
буй шилдэг сайн 15 оюутныг шагнаж урамшуулахаар болсон. “Бүрэн
хөгжил” сангийнхаа хүрээнд ХБНГУ-ын Бурен хоттой урьдны шифийн
харилцааг сэргээж германчуудтайгаа холбогдож байгаа. Бүрэн суманд
энэ жил 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр баригдсантай
холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн гал зуух
болон хүүхдийн ор дэвсгэрийг шийдэж өгөхөөр болсон. Одоо Германы Элчин
сайдын яаманд хүсэлт гаргаж Бүрэн сумын дотуур байранд компьютерийн
төв байгуулахаар ярилцаж байна. Шанхайгаас жижиг дунд үйлдвэрийг
дэмжих төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг санаачилж буй нь нутаг
орныхондоо бага ч болов гэсэн тус нэмэр болох гэсэн сэтгэлээс үүдэлтэй
юм шүү. “Бүрэн хөгжил” сангийнхаа хүрээнд Японы Элчин сайдын
яаманд хамтран ажиллах хүсэлт мөн гаргасан” хэмээлээ. Үүний дараа
Бүрэн сумынхан нутгийн золголтод хүрэлцэн ирсэн өндөр настнууддаа
гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм. СУИС-ийн багш, уртын дууч
Ц.Дашцэрмаа “Уяхан замбуу тивийн наран” дуугаар ая эгшиг өргөн барьж
нутгийн олны сонорыг мялааснаар золголтын албан ёсны хөтөлбөр
дуусав. Бүрэн сумынхан Монголын бурхан шашны төвдөө цуглаж усан могой
хэмээх жилдээ Монголын зон олон төрлөөрөө түвшин амгалан, ургаараа
улам олон болж сайхан бүхний үүдийг нээх ерөөлийг талбив.
Эх сурвалж:"Нийслэл таймс" сонин


