Адель суут алдартнуудын араас

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Адель суут алдартнуудын араас

Урлагийн ертөнцөд EGOT гэгдэх Эмми, Грэмми, Оскар болоод Тонигийн шагнал хүртсэн 11 уран бүтээлч бий. Дуучин Адель тэдгээр суут авьяастнуудын эгнээнд нэгдэхэд нэг алхам ойртлоо.

Хэдхэн хормын өмнө өндөрлөсөн 85 дахь удаагийн Academy Awards буюу Оскараас Их Британийн дуучин Адель алдарт Жеймс Бондын ээлжит цуврал “Skyfall” киноны дуугаар Шилдэг киноны дуу шагналын эзэн болсон юм. 24 настай дуучин бүсгүй хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам Грэммигээс есөн удаа шагнал гардаж байсан. Өнөөдөр харин Оскарын тайзнаа заларч, индэрт үг хэлэх завшааны эзэн болов. EGOT-ын дөрвөн том шагналын хоёрыг нь атгасан дуучин бүсгүйд одоо театрын урлагийн шилдгийг тодруулах Тони, телевизийн бүтээлийн Эммигийн наадмын цом дутуу үлдэж байна. Дуучин хүний хувьд Тонигийн шагнал дөхөм байж болох ч Эммигээс цом гардана гэдэг амаргүй даваа байж болох.

EGOT гэгдэх Эмми, Грэмми, Оскар, Тонигийн шагнал гардсан суут авьяастнуудыг танилцуулбал, Жон Гилгуд, Хелен Хейес, Одри Хепбурн, Рита Морено, Вупи Голдберг нарын жүжигчид, Марвин Хамлиш, Ричард Рожерс, Жонатан Тюник нарын хөгжмийн зохиолчид, кино зохиолч Мел Брукс, найруулагч Майк Николс болон продюсер Скотт Рудин нар ажээ. Адель харин EGOT-ыг бүрдүүлсэн анхны дуучин болох болов уу?

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж