Италид парламентийн сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Италид парламентийн сонгууль болж байна

Италийн парламентийн сонгуулийн санал хураалт өчигдөр буюу ням гаригт эхэлжээ. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Пьер Луижи Берсани тэргүүтэй Ардчилсан нам сонгогчдын саналын илүүтэйгээр тэргүүлж байгаа аж.  Харин түүний араас экс Ерөнхий сайд Силвио Берлускони болон түүний Эрх чөлөөний нам хүчтэй нэхэж байгаа тухай CNN мэдээлжээ. Маргааш буюу 26-нд эцсийн дүнгээ танилцуулах Италийн парламентийн сонгуульд  Пьер Луижи Берсанигийн Ардчилсан нам, Силвио Берлусконигийн Эрх Чөлөөний нам, Ерөнхий сайд Марио Монтигийн “Чөлөөт сонголт”  нам болон шог зохиолч Беппе Гриллогийн “Таван од хөдөлгөөн” зэрэг дөрвөн тол улс төрийн хүчний дунд гол өрсөлдөөн өрнөж байна. Үүнээс гадна парламентийн сонгуульд “Иргэний хувьсгал” намын тэргүүн Ингроиа, “Уруудхыг зогсооё” хөдөлгөөний тэргүүн Жианино нар нэр дэвшин өрсөлдөж буй билээ. Ардчилсан намын тэргүүн Пьер Луижи Берсани нь 2007 оноос тус намыг тэргүүлж байгаа бөгөөд улс төрийн зүүний үзэл баримтлалтай нэгэн юм. Харин Италийн Ерөнхий сайдаар гурван удаа ажилласан Силвио Берлусконигийн хувьд өнгөрсөн 2011 онд Ерөнхий сайдын албан суудлаасаа бууж, шоронгийн хаалга татах шахсан боловч энэ удаагийн сонгуульд хүчтэй байгаа аж. Түүнчлэн энэ удаагийн парламентийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Марио Монти бол Силвио Берлусконийг албан ёсоор огцорсны дараагаар түүнийг залгамжлан ажиллаж байгаа нэгэн. Италийн парламентийн сонгуулийн санал хураалтын үр дүнгээс шалтгаалан хямралд ороод буй тус улсын эдийн засгийн байдал цаашид хэрхэх нь шийдэгдэх билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж