Тариачин бүсгүй Жизелийн мөхөшгүй хайр

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Тариачин бүсгүй Жизелийн мөхөшгүй хайр

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн
зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжиг өчигдөр
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амиллаа. Энэ удаад театрын
дурлалт хос Б.Саруул, М.Од нар бүжгэн жүжгийг гоцлов. Тайзан дээр ч,
амьдрал дээр ч бие биедээ дурласан, сэтгэлт хос. Магадгүй Б.Саруул, М.Од
нар гоцлосон учраас сэтгэл минь илүү их догдолсон байх.
 А.Аданы хоёр бүлэгт "Жизель" хэмээх бүжгэн жүжгийн нэгдүгээр бүлэгт
тариачин бvсгvй Жизель хараа булаам сайхан залуу Альбертад дурлаж, тэд
хамтдаа бүжиглэнэ. Гэхдээ энэ жаргал нь үүрдийнх бус зуурдынх байсныг
хэн ч мэдэхгүй. Гэтэл Жизельд сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс
Альбертийн гэрт нууцаар орж, түүнийг язгууртан угсааны хүн болохыг
мэднэ. Ганс Жизелийг хууртаж байгааг нотолхын тулд Альбертын гэрээс
сэлмийг нь хулгайлна. Энэ үед дурлалт хосууд бүжин наадаж, нэг нэгнээсээ
хагацаж үл чадна. Үзэсгэлэнт тариачин бүсгүйн дүрийг театрын шинэ хун
Б.Саруул, харин түүний найз залуу М.Од Альбертийн дүрийг бүтээв. Үнэхээр
хөөрхөн. Нэг нэгнээ харах тэр зөөлөн харц, гар гараасаа хөтлөн хамтдаа
бүжиглэх нь уран яруу. Тэд амьдрал дээр ч ийм л байдаг байх даа гэсэн
бодол төрөв. Харин ойн захирагч Гансын дүрд балетчин Х.Мөнгөнхөлөг
чадварлаг тоглолоо. Мөн их сүнс Миртад Б.Баасансүрэн, Батильдад
П.Ариунтуяа, Жизелийн ээжид урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Баярманлай,
Герцогт Х.Чойжилсүрэн, орндынхон, анчид, сагтай бүжиг, сүнснүүдэд Дуурь
бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид оролцон, урирдаач
Н.Туулайхүүгийн удирдлага дор симфони найрал хөгжимчид тоглов.
….Ан хийж явсан язгууртан ноёд тосгонд ирлээ. Тэдний дунд Альбертийн
сүйт бүсгүй Батильда байв. Гэтэл ойн захирагч Ганс цугласан олонд
Альбертийн үнэн төрхийг хэлж, сэлэмийг харуулахад Жизель үл итгэнэ.
Жизель ганцхан Альбертийн үгэнд л итгэв. Гэсэн хэдий ч Альбертийн сүйт
бүсгүй Батильда Жизелийн гэрээс гарч ирэн Альберт дээр очиж, Жизельд
өөрийгөө Альбертийн сүйт бүсгүй болохыг хэлнэ. Хайртай залуугийнхаа үнэн
төрхийг мэдсэн хөөрхий тариачин охин солиорсон мэт бүжиглэж, улмаар
зүрх нь өвдөж нас барна. Альберт Жизелийн гарыг атгасаар хөшиг хаагдаж
нэгдүгээр бүлэг дууслаа.
Хоёрдугаар бүлэг эхлэхэд шөнийн харанхуйд ойн захирагч Ганс Жизелийн
булшин дээр ирнэ. Гэтэл хуримын хувцас өмссөн, цэцгэн эрхтэй
үзэсгэлэнтэй хэрнээ сэтгэл сэртхийм сүнсүүд гарч ирэн Гансыг өршөөлгүй
хатуу их сүнс Миртагийн зарлигаар түүнийг сүнснүүд тойрон бүжиж амийг нь
авч одно… Альберт хайрт бүсгүйгээ эргэн ирж булшин дээр нь баглаа
дүүрэн цэцэгс тавин харуусаж суухад гэнэт хаа нэгтээгээс Жизелийн
үзэсгэлэнт царай харагдах шиг болно. Альберт дахин Жизелийн царайг
харахыг хүснэ. Гэтэл их сүнс Мирта болон түүний бусад сүнснүүд дахин
гарч ирэн Альбертийг тойрон бүжиг амийг нь авах гэтэл үзэсгэлэнт бvсгvй
Жизелийн сүнс гарч ирэн хайртай залуугийнхаа аз жаргал, сайн сайхны
төлөө сvнснvvдтэй тэмцсээр үүр цайж нар мандана. Нар мандах тэр мөчид
Жизелийн сүнс эргээд булшиндаа орж хайрт залуу Альберттай дахин хэзээ ч
уулзахааргүй хагацна. Францын нэрт хөгжмийн зохиолч А.Адан хайр дурлалын
тухай єгvvлэх энэхүү эмгэнэлт зохиолд зориулан нэгэн гайхамшигтай
хөгжим бичсэн нь өдий хvртэл дэлхийн олон сая vзэгчийн сонорыг мялааж,
оюуныг тэтгэсээр байна.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд
Jean Coralli  Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд
Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны
гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд
Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны
нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884
оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь
өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius
Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн
болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ.
А.Аданы “Жизель” нь бүжгэн жүжгийг төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд
тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты
буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа
үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг
төрүүлдэг болсон байна.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж