Шинэ ерөнхийлөгч, шинэ хүсэл

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Шинэ ерөнхийлөгч, шинэ хүсэл

Өмнөд солонгосчууд өнөөдөр шинэ түүхээ бичиглэж байна. Тус улсад ерөнхийлөгч гэх албан тушаал үүссэнээс хойшхи 65 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүн сонгогдсон нь энэ. Энэ өдөр Пак Гён Хэ тангарагаа өргөснөөр түүхийн шинэ хуудас эргэлээ. Түүхийн шинэ хуудас эргэж байх яг энэ мөчид хоёр Солонгосын харьцаа хэрхэх нь олны анхаарлын төвд ороод байна. Тангараг өргөх ёслол болохоос хоёр долоо хоногийн өмнө хойдчууд цөмийн туршилтаа хийж, мөн энэ сардаа багтаан пуужин харвах тухайгаа зарлаад байгаа. Дээрээс нь Өмнөд Солонгос улс болзошгүй үед газар доорх хоргодох байрыг хэрхэн ашиглах тухай сургалтыг зохион байгуулсан. Мөн батлан хамгаалах зардлаа нэмэхээр болж, цэрэггүй бүсийн ойролцоох харуулын байр болоод тэнд ажиллах цэргүүдийн тоог нэмчихсэн байгаа. Энэ торгон агшинд, эмэгтэй хүн хэр зэрэг удирдаж, хоёр Солонгосын харьцааг нааштайгаар хандуулж чадах эсэх нь хамгийн том асуулт.


Мөрөөдөл биелдэг…

Хоёр Солонгосыг нэгдэх тухай, нэгтгэх тухай Өмнөд Солонгосын үе үеийн ерөнхийлөгч ярьдаг. Хамгийн анх Ким Де Жун үүнийг ярьж, хэлж, хоёр Солонгосын харьцааг зөөлрүүлэхийн тулд олон ч удаагийн уулзалтыг хийсэн билээ. Гэсэн ч хойдчууд түүний санаачилгыг тэр бүр нааштайгаар хүлээж аваагүй. Бүр томоохон компаниас босгосон сая, сая долларыг нийгмийн байдлаа сайжруул хэмээн буцалтгүй тусламж хэлбэрээр үзүүлж, олон ч залуусыг тэтгэлэгтэйгээр өмнөдөд суралцуулж байсан юм. Угтаа энэ ажлыг үнэлж Нобелийн хороо түүнийг 2000 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнасан. Үүнээс хойш нэгдэх яриа, хөөрөө хүчээ авсан ч “Хөх ордон” үүнийг шийдэж чадаагүй. Түүний дараачийн ерөнхийлөгчид ч хоёр Солонгосын харьцааг дээрдүүлнэ гэж амласан ч бодитой үр дүнд хүрээгүй л байна.

Өмнөдийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч энэ ажлыг бодит ажил хэрэг болгож, ямар нэгэн үр дүнд хүргэх хүсэлтэй байгаагаа тангаргын үгэндээ мэдэгдлээ. “Хойд солонгосчуудын мэдэгдэж байгаа тэр бүр ажлыг тогтоон барьж, айдас хүйдсийг арилгаж болно. Цаашлаад хойд болон өмнөдүүд нэг цустай элэг нэгт ахан дүүс гэдгийг санах хэрэгтэй. Биднийг нэгдэхийг түүх шаардаж байгаа. Бүтэхгүй зүйл гэж үгүй. Өмнөд болон хойдчууд нэгдэх, бие биендээ итгэх, итгэлийг бий болгохын тулд бид алгуураар ажил хэрэг болгох хэрэгтэй” гэж Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч Пак Гён Хэ ярьжээ. 2008 оноос үргэлжилсэн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Өмнөд Солонгосчууд багагүй хохирол амссан. Эдийн засгийн өсөлт нь ч тодорхой хэмжээгээр буурсан. Сүүлийн жилүүдэд воны ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа нь солонгосчуудын санааг зовоож байгаа. Энэ цаг үед хоёр Солонгосын нэгдлийн тухай ярих нь зөв алхам мөн үү?

Бусад зүйлс…

Өмнөд Солонгосын эдийн засаг өнгөрсөн онд 1,6 хувь байсан. Угтаа 2012 оны сүүлийн гурван сард эдийн засаг нь 0,6 хувиар өссөн нь энэ үзүүлэлтийг ахиулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан. Дээрээс нь Солонгосын томоохон машин үйлдвэрлэгч болох “КИА моторс” компани ирэх онд экспортод гаргах машиныхаа тоог цөөлөх болсоноо зарлаад байгаа. Үүнийг дэлхийн зах зээл дээрх төмрийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж болох талтай. Мөн компанийн ажилчдыг тодорхой хэмжээгээр цомхотгох тухайгаа ч ил ярих болсон. Хувийн секторын уналт өмнөдөд шүдний өвчин болоод байгаа. Өнгөрсөн оны эхнээс л унаж байсан хувийн сектор, оны төгсгөлд бараг 10 гаруй хувьд хүрсэн. Мөн дээрээс тэтгэврийн насны хүмүүсийн тоо нэмэгдэж, тэтгэвэрт олгож байгаа мөнгөний хэмжээ өмнөх жилүүдийнхээс өссөн нь Өмнөдийн гол асуудал. Пак Гён Хэ-г тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын төв банкны захирал Бен Бернанкэтэй Өмнөд Солонгосын төв банкны захирал уулзсан байна. Уулзалтын үеэр мөнгөний бодлогыг хэрхэн баримтлах вэ, АНУ-ын баримталж байгаа бодлого зэргийг нэлээд нухацтай ярилцжээ. Ази тивийн дөрөв дэх томоохон эдийн засаг болох Солонгос улсын сүүлийн гурван жилийн эдийн засгийн өсөлт 4 хувиас хэтрээгүй юм.

Өнөөгийн Солонгосын өнгө төрхийг бий болгох үндэс суурийг тавьсан гэдэг Парк Чон Хэ түүний аав. Тухайн үед уналтанд ороод байсан Солонгосын эдийн засгийг хөл дээр нь босгож, үндэсний үйлдвэрлэгчдэдээ боломж олгосон нь хамгийн зөв шийдвэр байсан гэж үздэг. Тэрээр экспортыг түшиглэсэн үйлдвэржилтийн бодлогыг дэмжиж байсныг амжилтын үндэс ч гэж тайлбарлах нь бий. Харин түүний охин аавынхаа амжилтыг давтдаггүй юм аа гэхэд түүхийг өөрчилсөн ямар нэгэн үйлдэл хийх эсэх нь анхаарлын төвд орж ирлээ. Пак Гён Хэ тангарагтаа Хойд, Өмнөдийн нэгдлийн тухай цухас боловч хүчтэй дурьдсан.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж