“Argo” Оскарын шилдэг киногоор тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

“Argo” Оскарын шилдэг киногоор тодорлоо

Academy Awards буюу Оскар 85 дахь жилдээ болж өнгөрлөө. Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмын энэ жилийн гол өрсөлдөгч, гол ялагч нь “Argo” байлаа. Жүжигчин Бен Аффлекийн найруулагчийн авьяасыг илтгэсэн уг кино Оскараас өмнө “Алтан бөмбөрцөг” тэргүүтэй хэд хэдэн томоохон наадмын шилдгээр тодорсон. Тиймдээ ч өнөө жилийн Оскарын гол горилогчдын нэг мөнөөсөө мөн байсан юм. Эцсийн мөчид Оскарын тайзнаа 2012 онд бүтээгдсэн хамгийн шилдэг дэлгэцийн бүтээлийг нэрлэж, Бен Аффлек тэргүүтэй “Argo” киноны хамт олон тайзнаа морилов. Өдгөөгөөс 15 жилийн өмнө “Good Will Hunting” киноны зохиолоор Оскар гардаж байсан тэрбээр талархлын үгэндээ “Хийж буй зүйлийнхээ талаар надад ямар ч санаа байгаагүй. Би үнэхээр жаалхүү байсан. Би энд дахин ирнэ гэж төсөөлж ч байсангүй” хэмээжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард нээлтээ хийж, дэлхийн сая сая үзэгчдийн хүртээл болсон “Argo” кино 206.9 сая ам.долларын ашиг орлого олжээ. Тус кино Оскарын шилдэг киногоор тодорсноос гадна Шилдэг сэдэвлэсэн кино зохиол, Шилдэг монтажлалт номинацид тэргүүлсэн юм.

Энэ жилийн Оскарын бас нэг сод бүтээл нь “Life of Pi” байв. Тайвань найруулагч Ан Ли тус бүтээлээрээ Шилдэг кино найруулагчийн шагнал гардсанаас гадна Шилдэг эффект, Шилдэг зураг авалттай киногоор тодорч, басхүү Шилдэг киноны хөгжим номинацид ялагчаар тодорчээ.

Харин Холливудын домогт найруулагч Стивен Спилбергийн “Lincoln” кино хамгийн олон номинацид нэр дэвшсэн ч хоёр төрөлд шилдгээр шалгарсан юм. Гэхдээ тус киноны гол дүрийн жүжигчин Даниэл Дей-Льюисийн хувьд энэ үдэш онцгой байсан. Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон тэрбээр яг энэ номинацид гурвантаа шилдгээр шалгарч буй анхны эрхэм юм. “Lincoln” кино мөн Шилдэг дизайн, засал чимэглэлтэй киногоор тодорчээ.

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр Женнифер Лоренс шалгарсан. “Silver Linings Playbook” киноны Тиффани Максуэллийн дүрээр Оскартан болсон тэрбээр шагналаа гардахаар тайз руу өгсөхдөө бүдрээд уначихав. Индэрт гарсан хойноо тэрбээр “Үнэхээр гайхалтай. Академид баярлалаа, бас энд цугларсан бүх бүсгүйчүүдэд баярлалаа” хэмээн баяраа хуваалцжээ.

Энэ жилийн Оскар наадмын анхны шагналын эзэн нь Кристофер Вальц байсан. “Django Unchained” киноны Доктор Кинг Шульцийн дүрээр тэрбээр Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон юм. Харин туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Энн Хэтэуэй “Les Miserables” мюзикл киноны Фантайны дүрээр “Fantine”-гийн дүрээр хүртжээ.

“Оскар-2013” наадмаас “Life of Pi” кино дөрвөн номинацид тэргүүлсэн бол “Argo”,  болон “Les Misérables” тус тус гурван шагнал гардсан юм.


“Оскар-2013”-ын шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг кино: “Argo” /Грант Хеслов, Бен Аффлек, Жорж Клуни/
Шилдэг кино найруулагч: Ан Ли /Life of Pi/
Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Даниэл Дей-Льюис /Lincoln киноны Авраам Линкольны дүрээр/
Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Женнифер Лоренс /Silver Linings Playbook киноны Тиффани Максуэллийн дүрээр/
Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Кристорфер Вальц /Django Unchained киноны Доктор Кинг Шульцийн дүрээр/
Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Анн Хэтэуэй /Les Miserables киноны Фантиний дүрээр/
Шилдэг кино зохиол /шинэ/: Квентина Тарантино /Django Unchained/
Шилдэг кино зохиол /сэдэвлэсэн/: Крис Террио /Argo/
Шилдэг энимешн кино: Brave /Марк Эндрьюс, Бренда Чэпмэн/
Гадаад хэл дээрх шилдэг кино: Amour /Австри/
Шилдэг баримтат кино: Searching for Sugar Man /Малик Бендьеллул/
Богино хэмжээний шилдэг баримтат кино: Inocente /Шон Файн, Андреа Никс Файн/
Шилдэг богино хэмжээний кино: Curfew /Шон Кристенсен/
Шилдэг богино хэмжээний энимешн кино: Paperman /Жон Карс/
Шилдэг киноны хөгжим: Life of Pi /Майкл Данна/
Шилдэг киноны дуу: Адель-Skyfall /Skyfall/
Шилдэг дууны найруулга: Пер Холлберг, Карен Бейкер Ландерс /Skyfall/
Шилдэг дууны эвлүүлэг: Энди Нелсон, Марк Патерсон, Саймон Хейес /Les Miserables/
Шилдэг дизайн, засал чимэглэл: Рик Картер, Жим Эриксон /Lincoln/
Шилдэг зураг авалт: Клаудио Миранда /Life of Pi/
Шилдэг дүр хувиргалт, нүүр будалт: Лиса Уэсткотт, Жули Дартнелл /Les Miserables/
Шилдэг хувцас загвар: Жаклин Дюрран /Anna Karenina/
Шилдэг монтажлалт:
Уилльям Голденберг /Argo/
Шилдэг эффект:  Билл Уэстенхофер, Гуиллам, Эрик-Ян де Боер, Дональд Р.Эллиотт /Life of Pi/

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж