
Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг бүх аймгуудтай холбох авто замыг барих зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлээс аймгуудтай холбох 5572 км хатуу хучилттай авто зам, 990 км хурдны авто зам, нийслэл хотод 212 км авто замыг шинээр барих, 350 км авто замын өргөтгөл шинэчлэл, олон түвшингийн 7-н гүүрэн байгууламжийг барих тул салбарынхны санал, шийдэл их хэрэгтэй юм. Үзэсгэлэнгийн үеэр спорт цогцолборын гадна талбайд, дотор талд нь тусгай павилионуудад шинэ технологиудын танилцуулга, үндэсний авто замын компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн хурлаар хоёр өдрийн турш олон улсад хэрэглэгдэж буй авто замын дэвшилттэй технологиудыг ярилцах ажээ. Уг арга хэмжээнд Канад, Герман, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Энэтхэг зэрэг улс орнуудаас оролцохоор саналаа ирүүлээд байгаа бөгөөд цаашдаа жил бүр зохион байгуулж байх юм байна.