2009 онд танилцуулсан Хятадын газрын тосны бүтээгдэхүүний үнийг зохицуулах журмын дагуу ажлын 22 хоногоос дээш хугацаанд Брент, Дубай болон Синта маркийн түүхий нефтийн үнэ дөрвөн хувиас дээш хэмжээгээр нэмэгдвэл Хятадад дотоодын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж болохоор заажээ. Журмын дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнийг үндэслэлтэйгээр нэмсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Гэхдээ түлш, шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдэд ирэх үнийн дарамт ихэснэ гэдгийг шинжээчид анхааруулж буй аж. Сьямений их сургуулийн эрчим хүчний судлаач Лин Боцьяны хэлснээр түлш, шатахууны үнийн өсөлт нь богино хугацаанд нөлөөлөхгүй ч алсдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулах нь гарцаагүй гэж дүгнэсэн байна. Гэхдээ тэрбээр Хятад дахь шатахууны үнэ нь хөрш орнууд болон газрын тос импортлогч бусад томоохон орнуудтай харьцуулахад дундаж төвшинд байгааг онцолжээ. Харин chem365.net-ийн шинжээч Жан Юнхао тайлбарлахдаа түлш, шатахууны үнийн өсөлт нь нэн түрүүнд тээвэр, загасчлал, хөдөө аж ахуйн салбарт нөлөөлнө, аажимдаа худалдан авагчдад нөлөөлж эхэлнэ гэжээ.