Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ.
Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй. Ингэхийн тулд,
- Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
- Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
- Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан.
Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна.
Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.
Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна.
Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг
500 үгтэй байхад 70 хувь,
1000 үгтэй байхад 80,5 хувь,
2000 үгтэй байхад 86 хувь,
3000 үгтэй байхад 90 хувь,
5000 үгтэй байхад 93.5 хувь,
10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.