Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Bret Michaels ялагч болжээ

Donald Trump-ын "The Celebrity Apprentice" шоу өнгөрсөн ням гаригт ялагчаа тодруулжээ.
Энэхүү шоунд рок од Bret Michaels түрүүлж 250 мянган ам.долларын эзэн болсон байна. Энэхүү шагналын мөнгөө тэрбээр “Америкийн диабетын нийгэмлэг”-т хандивласан юм.
Харин хоёрдугаар байрт жүжигчин Holly Robinson Peete мөн 250 мянган ам.доллартайгаар шалгарсан ба хүнд өвчинтэй тэмцэж буй гэр бүлд тусалдаг өөрийн “HollyRod” буяны санд мөнгөө хандивлахаар болсон байна.
Bret Michaels нь 47 настай бөгөөд “Poison” нэртэй рок хамтлагийн ахлагч.  Тэрбээр чихрийн шижин өвчнөөр өвдөн, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тархиндаа цус харваж, биеийн байдал нь хүнд байсан юм.
Тухайн үедээ дуучний биеийн зүүн хэсэг мэдээгүй болоод байсан ч эмч нар биеийн байдал нь сайжрах магадлалтай, зүүн тал нь буцаад мэдээ орно хэмээн мэдэгдсэн ч одоо найдвар тун байга үлдээд байгаа юм.
Учир нь түүний зүрхэнд асуудал үүссэн ба өнгөрсөн долоо хоногт рок од Michael өөрийн албан ёсны вэб сайтдаа биеийн байдлынхаа тухай бичээд, зүрхэнд нь жижиг нүх гарсныг харуулсан рентгэн зургаа нийтэлсэн байна.
Энэ талаар түүний эмч “Энэ үнэхээр азгүй тохиолдол боллоо. Энэ нь тархинд цус харваснаас үүдэн зүрхэнд үүсдэг эмгэг юм. Зүрхэнд нь хагалгаа хийх боломжтой. Гэхдээ дуучин маань гадуур эмчилгээгээ хийлгэхийг хүссэн байгаа учраас одоохондоо хийх боломжгүй байна”  хэмээн мэдэгдсэн юм.
Хэдийгээр биеийн байдал нь хүнд байгаа ч ням гаригийн шоунд тэрбээр хүрэлцэн ирж оролцсон ба энэ үеэр Trump түүнд хандан “Чи бол олныг байлдан дагуулсан чадварлаг дуучин, гайхалтай дайчин чанартай хүн. Хүн бүр чамайг хайрладаг шүү” хэмээн хэлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж