Тамхины хууль-10 асуулт

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

1. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
  • 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
2. Шинэ хуульд хаана, хаана тамхи татахыг хориглосон бэ?

  • Шинэ хуулиар тамхи татахыг хязгаарлаад зогсохгүй хориглосон газруудын тоог ч нэмжээ. Тухайлбал, баар цэнгээний газруудад 100 хувь тамхигүй орчин бий болгож, тамхи худалдаалахыг хориглов. Мөн орон сууцны орц, хонгил, албан байгууллага, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, номын санд тамхи татахыг хязгаарласан.

3. Хууль зөрчсөн этгээдэд ямар хариуцлага тооцох вэ?

  • Өмнөх хуульд тамхины хайрцаганд зурган анхааруулга байна гэж заадаг байсан. Тэгвэл одоо хайрцагных нь ар, өвөр талын 50 хувь нь зурган анхааруулгатай байна гэж хуульчилж өгсөн. Хууль зөрчиж тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөг, харин тамхи татах орчинг нь бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсийг 25-50 дахин нэмэгдүүлсэн тэнцэхүйц мөнгөөр тооцно. Ингэхээр нэг хүнийг тамхи татуулснаар долоон сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй.

4. Орцны үүд, гудамж талбайд тамхи татаж байгаа хүнд хэн хариуцлага тооцох вэ?

  • Хэн нэгэн хууль зөрчиж тамхи татвал холбогдох байгууллагад хандах, мэдээлэх утасны дугаар ажиллаж байгаа. Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарсантай холбогдуулаад байгууллага, аж ахуйн нэгжийг хянах дотоодын хяналтын нэгж байгуулж байгаа. Энэ нэгж нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм. Тамхины хяналтын тухай хуульд хариуцлага тооцож ажиллах хүмүүсийг тодорхой оруулж өгсөн. Бүх шатны Засаг дарга, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын болон олон нийтийн байцаагч, мөн тухайн байгууллагын албан тушаалтан гэж заасан. Мөн оршин суугчид, орцны жижүүр, СӨХ өөрсдөө хяналт тавина. Хэрэв хэн нэгэн хууль зөрчсөн дуудлага ирвэл бид баталгаажуулах баримт шаардана. Гэхдээ гэрэл зураг ч юм уу, бичлэг гээд ямар нэгэн байдлаар гарцаагүй нотолгоо байх ёстой. Тэгээд эрх бүхий хүмүүс хариуцлагаа тооцно. Баримттай бол тамхиа татчихаад хаашаа ч явсан бай хариуцлага тооцож болно.

5. Тамхи татаж болохгүй газар санамж байршуулах уу?

  • Тамхи татахыг хориглосон газруудад анхааруулга, санамж байршуулна. Ингэхдээ “Энд тамхи татаж болохгүй” гэсэн санамжаас гадна “Хэрэв тамхи татвал 50 мянган төгрөгөөр торгоно” гэж бичих юм. Хэн нэгэн хууль зөрчиж тамхи татвал холбогдох байгууллагад хандах, мэдээлэх утасны дугаар нь ч бас байна.

 6. Олонхи байгууллагын дарга, цэрэггүй нийлээд л тамхи татдаг. Байгууллагын удирдлага ажилчдадаа хяналт тавьж байгаа эсэхийг хэн хянах юм бэ?

  •  Байгууллага өөрөө дотоод хяналтын журамтай болно. Энэ журмынхаа дагуу хяналтаа тавьж, хариуцлагаа тооцно. Харин тайлангаа жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлдэг байх юм. Бид тэр тайлангаас нь үүргээ биелүүлсэн эсэхийг харж болно. Хэзээ, хэнд, яаж, ямар хариуцлага тооцсон тухай бүгдийг нь хянах боломжтой.

 7. Торгуулиас орсон орлого хаана төвлөрч, юунд хуримтлуулж зарцуулах вэ?

  • Төрийн сан буюу улсын төсөвт орно. Харин тамхи импортлодог аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн татварын мөнгөний хоёр хувь нь Эрүүл мэндийг дэмжих сан буюу Засгийн газрын тусгай санд төвлөрдөг. Үүнийг тамхины хор хөнөөлийн эсрэг арга хэмжээнд зориулдаг юм.

8. Дотооддоо тамхийг хориглож байгаа юм чинь импортлогчдод хязгаар тогтоох уу?

  •  Тамхийг тусгай зөвшөөрөлтэй байгууллага л импортлодог. Тоо хэмжээнд нь хязгаарлалт хийгээгүй ч тамхины шошгонд өөрчлөлт оруулах зэргээр тэдэнд чиглэсэн нэлээд заалт оруулсан. Тамхины хяналтын тухай өмнөх хуульд бол зурган анхааруулга байна гэж зааснаас биш хайрцагны хэдэн хувийг нь эзлэх талаар дурдаагүй байсан. Харин шинэчилсэн хуульд тамхины хайрцагны ар өврийн 50 хувьд нь зурагтай анхааруулга байна гэж заасан байгаа.

 9. Хууль хэрэгжүүлэхийг эсэргүүцвэл яах вэ?

  • Хууль нэгэнт батлагдсан. Тийм учраас хуулийн дагуу шаардлагаа тавина. Үүн дээр цагдаагийн эргүүл, олон нийтийн байцаагчид байнга хяналт хийнэ. Дээр нь тамхи татах орчин бүрдүүлсэн, тамхи татуулсан баар, ресторан, байгууллага өөрөө хариуцлага хүлээнэ.

10. Сануулах, анхааруулах тэмдгийг хэн тавих вэ?

  • Анхааруулах сануулах тэмдгийг байгууллага өөрөө тавина. Загварыг нь Эрүүл мэндийн яамнаас баталсан байгаа.
Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж