-Ирэх 2014 оноос нийслэлийн цахилгаан эрчим хүчийг хангаж чадахгүй болно гэсэн мэдээлэл гараад байгаа. Одоогоор Монгол Улс хэдий хэмжээний эрчим хүчний дутагдалд ороод байна, үүнийг яаж шийдэх боломжтой юм бэ?
– Сүүлийн үед шинээр байшин, барилга барих боломжгүй болж байгаа. Шаардлагатай дэд бүтэц алга. Тиймээс цаашдаа нийслэлд 300 МВт эрчим хүчний хэрэглээг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй байна. Энэ нь шинээр 100 мянга гаруй өрхийг орон сууцанд оруулах боломжийг хангах юм. Үүнээс гадна ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 100 МБт- аар нэмэх, ТЭЦ-5, Баянзүрхэд байрлах цахилгаан станцыг барьвал 2020 он гэхэд дотоодынхоо хэрэгцээг шийдэж болно.
-Энэ өвөл цахилгаан их тасарсан нь уг эрчим хүчний дутагдлаас шалтгаалсан уу гэдэг дээр албан ёсны тайлбар өгвөл?
-Ойр ойрхон цахилгаан тасарвал эрчим хүчний нөөц тасалдаад аяандаа тас харанхуй болохын нэг дохио гэж хүмүүс туйлширч ойлгоод байх шиг байна. Энэ нь тухайн үеийн шугам сүлжээний гэмтлээс л шалгаалж байсан гэдгийг хэлмээр байна. Гэвч энэ байдлаараа үргэлжилбэл дараа жилээс хомсдолд орох магадлалтай.
-Одоогоор нийт хэдэн цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Цахилгааны эх үүсвэр байгуулахад багагүй хөрөнгө шаарддаг. Босгох боломж нь байлаа гэхэд, хөрөнгө хүчрэхгүй байна. Энэ тал дээр таны бодол?
-Одоогоор яг ажиллагаатай нь гэхэд нийслэлд гурав, Дархан, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь тус бүр нэг, усан цахилгаан станц хоёр , үүн дээр дэд цахилгаан станцууд нэмэгдэнэ. Тэгэхээр ийм цахилгаан станцууд бариад байх гэхээр хөрөнгө үнэхээр шаардана. Миний хувьд юун түрүүнд төмөр зам барина гээд нүсэр ажил эхлүүлэхийн өмнө цахилгааныхаа асуудлыг шийдмээр байна гэдэг талд байдаг хүн дээ. Аливаа бүтээн байгуулалт хийх гэхээр дэд бүтцийн асуудалд ороод байна гэдэг чинь ямар том асуудал билээ. Эрчим хүчээ шийдэж байж, экспортын ашгаа бодсон нь дээр байх. Гаднаас эрчим хүч авч байхын оронд эрчим хүчний хангалттай нөөцөө өөрсдөө ашигламаар байна.
-Төмөр зам барьж байж л уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломжтой гэдэг шүү дээ. Төмөр зам тэгэхээр хэрэггүй зүйл биш баймаар?
-Хэрэггүй зүйл мэдээж биш. Том том уурхайг дэд бүтцийг нь хангаад бүрэн ажиллуулж чадсаныхаа дараа уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа баривал дээр. Ингэхээр экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай болно. Манай улсын хувьд газар зүйн ашигтай байрлалд оршиж байгаа нь том давуу тал. Дэлхийн зах зээлийн хандлага цаашдаа Ази руу, тэр тусмаа БНХАУ руу чиглэж байна шүү дээ. Манай хамгийн том түнш гээд байгаа БНХАУ Австрали, Индионез, АНУ-аас нүүрс импортоор авдаг. Тэгэхээр том худалдан авагчаа алдахгүйн тулд уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай.