Г.Болдбаатар алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар алтан медаль хүртлээ


IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны оны анхны “Гран при” тэмцээн Германы Дюсселдорф хотноо өчигдөр нээлтээ хийсэн. Энэхүү тэмцээнд дэлхийн 50 орны 435 тамирчин оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй долоон жинд тус тус хоёр, эмэгтэй зургаан жинд долоон тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр -60 кг-ын жинд зодоглосон Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогтоо Тунисийн жүдоч Фрая Доуибийг 4:13 минутад, хоёрдугаар тойрогт Недерландын Микос Салминенийг 57 дахь секундэд, гуравдугаар тойрогтоо Францын Ислам Ноурыг  2:41 минутад, хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Амиран Папинашвилийг 1:26 минутад тус тус цэвэр ялсан байна. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн Диего Сантосыг ялсан юм. Алтан медалийн төлөөх энэхүү барилдаанд хоёр бөх оноо аваагүй учир хантэ буюу шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулсан юм.

Харин -60 кг-ын жинд барилдсан ОУХМ Ч.Болдбаатар эхний тойрогтоо Японы Хиронори Ишикаваг шүүгчийн саналаар ялсан ч хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриковт ваза-ари үнэлгээгээр ялагдсан юм.

Мөн тэмцээний эхний өдөр буюу урьд шөнө эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдаанууд боллоо. Энэ жинд барилдсан ОУХМ С.Мияарагчаа шагналт тавдугаар байрт шалгарлаа. Тэрээр эхний тойрогт Белорусийн Дмитрий Шершантай учраа таарч, үндсэн цагт хоёр бөх оноо  аваагүйгээр тэмцсэн учир шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахаар болсон юм. Шүүгчид С.Мияарагчаад ялалтыг өгснөөр тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болжээ. Харин хоёрдугаар тойрогт Кыргызстаны Ислам Баялтновыг ваза-ари үнэлгээгээр ялсан бол гуравдугаар тойрогт Испанийн Сугой Уриартег 43 дэх секундэд цэвэр ялжээ. Харин дөрөвдүгээр тойрогт Японы Масааки Фукуока барилдан цэвэр ялагдсан байна. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд Израйлийн Голан Поллактай барилдан ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэлсэн байна.

Харин энэ жинд барилдсан Д.Алтансүх эхний тойрогт Румыны Ремус Лазеаг, дараагийн тойрогт Испанийн Антонио Хименес Родрегисийг цэвэр ялсан юм. Гуравдугаар тойрогт Японы Масаши Эбинумад ялагдсанаар 2013 оны анхны тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан урд шөнө боллоо. Энэ жинд зодоглосон Ц.Нарантогтох Украйны Антон Тышенкод, Н.Хадбаатар Казахстаны Элдар Зарипкановт тус тус эхний тойрогтоо ялагджээ.

Дюсселдорфийн “Гран при” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Г.Отгонцэцэг эхний тойрогтоо Японы Рихо Окамотод ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Харин 57 кг-ын жинд Д.Сумъяа барилдаж, эхний тойрогтоо Недерланд улсын Юул Франссенд ялагджээ.

Мөн 52 кг-ын жинд барилдсан А.Цолмон эхний тойрогтоо Унгарын Барбара Маросыг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Японы Нодока Танимотод ялагджээ. Ингэснээр манай жүдогийн бүсгүйчүүдийн хувьд эхний медаль хүртэж чадсангүй.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилнэ.

Б.БИЛЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж