Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер барилга, хот байгуулалтын салбар бол Монгол Улсын тэргүүлэх салбар гэж ойлгодогоо хэлээд Засгийн газраас барьж буй төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж ажиллана гэлээ.
Иргэдийн оршин суух таатай нөхцлийг бүрдүүлэх алхмыг Сүхбаатар аймаг хийж эхэлжээ. Цаашдаа бусад аймагт хэрэгжих байх гэж найдаж байна. Азийн хөгжлийн банкнаас орон нутгийн нийтийн аж ахуйг сайжруулахын төлөө өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Энэ жилээс бизнес хөгжлийн төлөвлөгөөг аймгуудаас авч байгаа. 2014-2016 онд Засгийн газартай хамтарч ажиллах бизнес төлөвлөгөө болон бусад ажлуудынхаа талаар суурин төлөөлөгч мэдээлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хот төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хот төлөвлөлтийг цаасан дээр биш бүтээлч байх төсөөлөлтэй байгаагаа хэллээ. Хот төлөвлөлт тэнд амьдарч байгаа иргэддээ чиглэсэн байх учиртай. Сум суурин газар хүн амыг ая тавтай, аюулгүй орчинд амьдруулахад Азийн хөгжлийн банктай төлөвлөлт дээр хамтран ажиллах бололцоотой. Бидний зүгээс өмнөх шиг зураг хүлээж авахгүй гэсэн байр суурь баримтлана. Өөрөөр хэлбэл нягт хамтарч ажиллана.
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны үеэр бид орон нутагт ажиллаж инженерийн шугам сүлжээтэй танилцах юм. Аймгуудад инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд энэ жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Гэвч энэ ажил өөрөө их өндөр өртөгтэй. Иймд бид Европын сэргээн босголтын банкнаас санал болгож байгаа зээлийг авах шаардлагатай байгаа юм. Зураг төсөл дээр гадны байгууллагуудыг оролцуулах бодолтой ч өндөр өртөгтэй учраас хөрөнгө оруулалтын хэрэгцээ байна. Хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээг сайжруулахад хамтарч ажиллая гэж сайд хэллээ.
Дээрхи тавьсан саналууд ялангуяа хүн амын төвлөрөл сааруулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн. Монгол Улсад 150-200 сая ам долларын санхүүжилт орж ирэх бололцоо бий. Зээлийн хүүгийн хувьд ч хөнгөлөлттэй жилийн 0,7 хувийн хүүтэй байна. Монгол Улсад мэдлэг олгох, хөрөнгө оруулалт хийх, туслалцаа үзүүлэхдээ Азийн хөгжлийн банк баяртай байна гэж Роберт Шоелхаммер хэлэв.
Уулзалт ярилцлагын төгсгөлд аймгийн төвүүд, дагуул хотуудыг хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, орон сууцны баталгааны сан, түрээсийн орон сууцны эх үүсвэр бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.