
Филаделфиа хотын мэргэжлийн спортын багууд дундаас 2008 онд Бэйсболын “Филаделфиа Филлис” баг аварга авсныг эс тооцвол 1983 оноос хойш тус хотын баг аль ч баг цом гардан аваагүй байгаа. Харин энэ жил мөсөн талбайн баг “Флайерс” нь дээрх амжилтад ойрхон ирээд байгаа билээ. Цувралыг 3-1 харьцаатай тэргүүлсэн амжилттайгаар өнөөдөр “Флайерс”, “Канадианс”-ыг өөрийн талбайд хүлээн авсан юм. Хэдий тийм ч Монреал хүчтэй эсэргүүцэл үзүүлж, эхний хагасыг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлүүлжээ. Гэвч хоёрдугаар хагаст Филаделфиа илүү байж, хоёр гоолоор Ярослав Халакийн хаалгыг мялааснаар ялах нь гарцаагүй болсон юм. Улмаар үндсэн цагт 4:2 харьцаатай “Флайерс” ялалт байгуулж, Монреалын санаандгүй амжилтад цэг тавилаа. Тоглолтын гол баатраар нэг гоол оруулж, хоёр гоолын ашигтай дамжуулалт өгсөн Майк Ричардс тодорсон байна. Ийнхүү “Филаделфиа Флайерс” найм дахь удаагаа “Стэнцлийн цом”-ын төлөө тоглох эрхтэй болсон юм. 1974 болон 1975 онд дараалан аваргалж байсан ч “Флайерс”-ын сүүлийн таван удаагийн оролдлого нь бүтэлгүйтлүүдээр дуусч байлаа. Хамгийн сүүлд тэд 13 жилийн өмнө шигшээ тоглолтод 4-0 харьцаатай “Детройт Рэд Уингс”т бут ниргүүлж байсан юм. Харин одоо “Чикаго Блэкхаукс”-ын эсрэг халз тулалдана.