Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Концессын гэрээний хэлэлцээ хийх зөвшөөрөл олголоо

Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл багтсан бөгөөд төслийн хүрээнд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усыг хоногт 200.000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр болон гүн цэвэрлэгээ хийж цэвэршүүлсэн усаар төвийн Эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100МВт хүчин чадалтай “Усан цэнэгт цахилгаан станц” барьж байгуулах юм. Уг цогцолбор нь шөнийн бага ачааллын 22-06 цагуудад уулын оройд байгуулсан дээд усан сандаа голын хөндийд байгуулсан доод усан сангаас усаа насосоор шахаж бэлтгээд, оройн оргил ачааллын үе болох 16-22 цагуудад дээд усан санд бэлтгэсэн усаа доод усан санруугаа буулгах замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг эрчимжүүлэх зорилгоор төслийн концессын гэрээний нөхцлийн талаар “Морьт импекс” ХХК-тай хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэж, концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.

Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталлаа

Монгол Улсын 2010 оны экспортын бүтээгдэхүүний 83.2 хувь нь технологийн багтаамжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувь нь нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувь нь өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байжээ. Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл нь нам технологит бүтээгдэхүүнд багтдаг бөгөөд нийт экспортод 1.1 хувийг эзэлж байна. Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүний экспорт 2007 онтой харьцуулахад 2011 онд 17 хувиар өссөн бол импортын хэмжээ ч мөн сүүлийн 5 жилийн хугацаанд 81.4 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй боловсруулах үйлдвэр, 80 гаруй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ажилладаг байна. Манай улсад жилдээ бод, бог малын 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 74.2 хувь нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар БНХАУ-руу экспортлогдож байна. Үлдсэн 25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байгаагийн 40 гаруй хувийг европын стандартаар боловсруулж, Итали, Испани, Турк, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс оронд экспортолж байгаа юм. Жилд бэлтгэгддэг түүхий эдийн нийт үнэ зах зээлийн ханшаар 151.6 тэрбум төгрөг бөгөөд үүний 38.2 тэрбум төгрөгийн түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч нар авч, 113.4 тэрбум төгрөгийн түүхий эдийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. Арьс ширийг дотооддоо хагас боловсруулахад өртөг 1.4 дахин, гүйцэд боловсруулахад 2.3 дахин, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 5 дахин нэмэгдэх юм. Дөрвөн зуугаад мянган ширхэг адууны ширийг боловсруулалт хийж, экспортолвол 60 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.

Олон улсын туршлагаар хөгжингүй орнууд, тэр дундаа Евро бүсийн орнууд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, иргэдийн эрүүл ахуйн байдлыг хангах зорилгоор стандарт, техникийн зохицуулалтыг тогтоож өгсөн байдаг. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, зохих стандартын дагуу боловсруулалт хийгдээгүй бүтээгдэхүүн хил дамнуулан гаргахаас сэргийлэх зорилгоор бүх төрлийн арьс ширийг идээлж боловсруулсан болон мөн түүнээс цааш гүйцэд боловсруулсны дараа зах зээлд нийлүүлэх, экспортлох техникийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоол гаргаж, баталлаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хугацаатай үүрэг даалгавар өглөө

Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 248, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 70, нийт 399 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах юм. Одоогоор 70 тендер зарлагдаад байгаагийн 10 нь цахим хэлбэрээр зарлагдаад байна. Нийт төсөл, арга хэмжээний 18 орчим хувьд нь тендер зарлаад байгаа бөгөөд үнэлгээний хороо байгуулагдсан 79 төсөл, арга хэмжээний хувьд худалдан авах ажиллагааг ойрын үед эхлүүлнэ. Худалдан авах ажиллагаа саатаж байгаа гол шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч нараас ажлын даалгавар, тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, зураг төслийг ирүүлэхгүй байгаатай холбоотой байна.

Энэ асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгагдсан 2013 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт Худалдан авах ажиллагааны газарт 14 хоногийн дотор багтаан хүргүүлэх, техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл, ажлын даалгаврыг боловсруулан батлах боломжгүй болон батлагдсан төсөв нь хүрэлцээгүй төсөл, арга хэмжээг ангилан гаргаж, төсвийн тодотголд санхүүжилтийг нэмж суулгах, уг төсөл арга хэмжээг бүхэлд нь хасуулах санал боловсруулан Шадар сайд, Засгийн газрын гишүүдэд танилцуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ТОВЧХОН

  • Жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан гаригийг “Холбоочдын баяр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо.
  • Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
  • Хаврын бүсийн уралдааныг Орхон аймагт 2013 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн бямба гаригт зохион байгуулна.
  • Дархан-Газрын тос үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээ хийх, Засгийн газрын Зээлийн баталгаа гаргах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх, Японы талтай зөвшилцөх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгалаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж