Усны хяналт муу байна

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Усны хомсдлын аюул ойртож байгаа гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Тиймээс усыг хаана хэрхэн зарцуулж буйг хянах хэрэгтэй юм. Тэр дундаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах нь зүйтэй. Сэлбэ, Туул голын сав газар буюу Баянгол дүүргийн Сонсголон орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хяналт тооцоогүйгээр усыг маш ихээр хэрэглэж байжээ. Байгаль орчин Ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн сард шалгалт хийж, ус ашиглалтын байдал, хуулийн хэрэгжилтийн тухай дүгнэсэн байна.     

Шалгалтад хамрагдсан 30 гаруй аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь гол сав татам орчимд байрлаж байсан нь газрын гүний урсацад сөргөөр нөлөөлөх, урсгал тасрах шалтгаан болж мэдэх юм. Усны тухай хуулийн заалтыг зөрчин газрын зөвшөөрөл олгох, үйл ажиллагаа явуулах асуудал хавтгайрсан гэж үзэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон орчмын үйлдвэр аж ахуйн нэгжүүд голын сав татам байрласан, төлөвлөж буй Мусульмант шашинт хүүхдийн сургууль түүний орчимд байрлах хорооллын ажил хууль зөрчсөн үйлдэл болж буйг сануулав. Тиймээс Байгаль орчин Ногоон хөгжлийн яам үйлдвэрийн бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар гаргаж буй гүний худгийг бүртгэж тооцон, усыг тоолууржуулах нөөц ашигласны төлбөрийг бүрэн ноогдуулах гэнэ. Мөн шугам сүлжээтэй холбогдон газар доорхи усны нөөцийг ашиглахгүйн тулд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн байршлыг харгалзан олгох нь зүйтэй гэдгийг яамны мэргэжилтнүүд онцолоо.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж