Коммунизмын хар ном уншигчдын гарт очлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Коммунизмын хар ном уншигчдын гарт очлоо

Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, орчуулагч Я.Дүгэрийн орос хэлнээс орчуулсан “Коммунизмын хар ном”-ын нээлт өнөөдөр “Интерном”-ын дэлгүүрт боллоо. Номын нээлтэд Ардчилсан намын нарийн бичгийн дарга нар болон эрдэмтэн судлаачид оролцож номын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, коммунизмын түүхэн бодит үнэнийг илчилсэн дэлхийн судлаач, эрдэмтэдийн томоохон бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн нь маш чухал үйл явдал боллоо гэж онцолж байсан юм. 

Номын нээлтийн үеэр “Коммунизмын хар ном”-ыг орчуулсан Я.Дүгэр “Энэ номыг орчуулах санаа анх 2009 онд төрсөн. Нацагдоржийн нэрэмжит номын санд орос хэл дээр анх уншиж, хэсэгчлэн оруулж эхэлсэн. Номын санд ганцхан байгаа номыг авч болохгүй тул хуулбарлан авсан. Дараа нь интернетээс бүрэн эхээр нь олж авч байлаа. Сүүлийн хоёр жил тасралтгүй номын орчуулга дээрээ суусан. Өмнө нь орос хэлний, шатрын номууд орчуулдаг байсан. Гэтэл “Коммунизмын хар ном”-ын орчуулга дээр сэтгэл зүйн хувьд их хямарч байсан. Арга ч үгүй биз. Коммунизм нэрийн дор дэлхийн 95 сая хүн үгүй болсон. Нэг хэв загвараар дэлхийн хүн төрөлхтнийг үгүй хийсэнд жигшиж зэвүүцэн орчуулсан. Бид хүртэл 70 жил тэр загварт автаж амьдарч ирсэндээ маш их харууссан.” гэсэн юм. 

Коммунизмын хар ном Европын орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн аж. Коммунист орнуудын олон жил нууцлагдсан архивын материалуудад суурилан бүтээжээ.

Дэлхийн эрдэмтэн судлаачид “Коммунизмын хар ном”-ыг марксист ленинист сургааль буюу бусдын үзэл санааг нухчин дарахыг зорьж өмчгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бурхан шашингүй, хүн төрөлхтөнийн нийтлэг ёс суртахууныг уландаа гишгэж, уламжлалт төрт ёс, хуулийг гажуудуулдагаараа коммунизм нь угаас гаж, ялт тогтолцоо байсан гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулахыг зорьж бүтээсэн гэдгээ онцолсон байна.

Коммунизмын хар номын өмнөтгөлөөс…

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь:

Москвад ханиахад Монголд найтааж байсан түүхтэй

Европын хэд хэдэн орны эрдэмтэн судлаач нарын бичсэн “Коммунизмын хар ном” хэмээх суурь бүтээл уншигчдын гар дээр очиж байна. Зохиогчдын баг ХХ зууны хүн төрөлхтөнд энгүй их гамшиг, сүйрэл авчирсан хүрэн тахал фашизмаас өмнө үүсч, түүнээс удаан оршин тогтнож, дөрвөн тивд халдварлан ардаа үй түмэн хүний аймшигт эмгэнэл, нийгмийн хоцрогдол, ёс суртахууны гажуудал үлдээсэн  “улаан тахал” коммунизмын гэмт хэргүүдийг тодорхой ба баримттайгаар дэлгэн харуулжээ… Харамсалтай нь Хар номд Монголын тухай нэг ч өгүүлбэр ороогүй ажээ. Гэхдээ “эрх чөлөөний” замаар орсон дэлхийн хоёрдахь орон буюу коммунист ЗХУ-ын колони болсон. Бидний өнгөрсөн түүх гашуун байсан. Үндэсний сор болсон 40 мянган хүнээ алуулж, 700 гаруй сүм хийдүүдээ нураалгаж, ядуурч, амьд ямаагаа тоглоомон ямаанаас, Эрдэнэтийн зэсээ ч дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин хямд өгч, “Москвад ханиахад Монголдоо найтааж ирсэн” түүх бий. Мал сүрэг яаж ч зүтгээд 24 сая хүрээгүй. 1000 хүнд ногдох автомашин, харилцах утас зэрэг ойлголт бараг байгаагүй, хомсдол ядуурал бүр дасал болсон үе саяхан. Хамгийн аймшигтай нь ёстой нөгөө “бараа нь харагдлаа гэдэг ч баригдаад өгдөггүй” “саруул сайхан ирээдүй”, “мэргэн сургаал”-д хууртсан, гол нь нэгийг бодсон ч өөрийг хэлдэг буюу “айж явбал аминд тустайг” яс махаараа ойлгосон хүмүүс үнэнийг мэддэггүй байлаа.

АН-ын ОНХХ-ийн дарга О.Чулуунбилэг: Коммунизм зөвлөлт маягийн хүнийг үй олноор нь “үйлдвэрлэж” ээ

Коммунизм зүгээр нэг үл гүйцэлдэх үзэл санааны түүх төдий биш юм. Энэ үзлийн хамгийн хорлонтой нь HOMOSOVEITICIUS буюу зөвлөлт маягийн хүнийг үй олноор нь “үйлдвэрлэж” үлдээдэгт байгаа билээ.   Судлаачдын тодорхойлж буйгаар хомосоветус хүн нь коммунизмын дараах бүхэл бүтэн нэг үеийнхнийг хамаарч болох гэнэ. Аливаа асуудалд шийдвэр гаргахдаа өөрөө биш улс төрийн нам, төрийн дарга анги юмуу лам, бөө, шидтэнийн үгээр шийддэг боловч гаргасан шийдвэрт нь үргэлж гомдоллосоор бусдад хувь заяагаа даатгах сэтгэхүйтэй хүмүүс нийгмийн олонхыг бүрдүүлсэн хэвээрээ байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж